Dark Light
Нийгэм | 2024-07-09

С.Энхтүвшин Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний албыг 20 гаруй жилийн турш удирдсан С.Энхтүвшинг Монгол улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор шагналаа. 

С.Энхтүвшин нь ус цаг уур, орчны хяналт шинжилгээний албыг 20 гаруй жилийн турш удирдахдаа энэ салбарыг хөгжүүлэх, техник, технологийг шинэчлэх, боловсронгуй болгох, мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэднийг сургах, ус цаг уурын үйлчилгээ төр, засгийн байгууллага, аж ахуйн нэгж, малчид, ард иргэдэд хэрэглэгчдэд шуурхай хүргэж учирч болох гамшиг, эрсдэлийг бууруулах чиглэлээр олон чухал ажлыг санаачлан хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр Монгол улсын Ус цаг уурын байгууллага Дэлхийн цаг уурын байгууллагын бүрэн эрхт гишүүнийхээ үүргийг мэргэжлийн өндөр түвшинд биелүүлж, хөгжлийн түвшингээрээ ДЦУБ-ын гишүүн орнуудын дундаж түвшинд хүрсэн нь түүний олон жилийн ажил, хөдөлмөрийн үр дүнтэй салшгүй холбоотой билээ. 

Монголын Ус цаг уурын алба 210 орчим автомат цаг уурын станцтай болж, цаг уурын өртөөдийн 90 гаруй хувь, харуулын 30 гаруй хувь нь автомат хэмжлийн станцаар хангагдаад байгаа бөгөөд Төв, Булган, Архангай аймгийн бүх сумд автомат станцаар бүрэн хангагдаж, энэ онд Дундговь, Өвөрхангай, Улаанбаатар хот орчимд БНСУ-ын Цаг уурын газрын тусламжаар 10 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй 20 ширхэг автомат станцыг нэмж суурилуулах гэж байна.

2010 оноос цаг агаарын тоон прогноз гаргах, уур амьсгалын загвар ажиллуулах ажилд супер компьютерын технологи нэвтрүүлэх томоохон зорилтыг дэвшүүлэн тавьж хэрэгжүүлж эхэлсэн нь ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарт хийх технологийн эрчимтэй шинэчлэлийн ээлжит үе шатыг эхлүүлсэн бөгөөд 2011 оны 11 дүгээр сард АНУ-ын СКАҮ компанид үйлдвэрлэсэн орчин үеийн өндөр хүчин чадалтай, 1 секундэд 6.5 их наяд үйлдэл хийх хүчин чадалтай супер компьютерыг Монгол улсын түүхэнд анх удаа суурилуулан ашиглалтад оруулснаар өнөөдөр Монголын ус цаг уурчид дэлхийн болон бүс нутгийн хэмжээний тоон прогнозын загваруудыг ашиглаж, 144 цаг хүртэлх урьдчилалтай тоон прогнозыг өөрсдөө боловсруулан гаргаж, өдөр тутмын ажилдаа ашиглаж эхэлснээр сүүлийн жилүүдэд ус цаг уурын мэдээ, мэдээллийн чанар дээшилж, хэрэглэгчдийн талархлыг зүй ёсоор хүлээж байна.

С.Энхтүвшин нь ус цаг уурчдын ажиллах нөхцөлийг сайжруулах талаар байнга анхаарал тавьж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Нислэгийн цаг уурын төв, Дархан, Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн барилгыг бариулж, Улаанбаатар хотод “Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын антены цамхгийн байр”-ыг 2022 оны 12 дугаар сард барьж ашиглалтад оруулснаар Хөшгийн хөндийд шинээр байгуулагдсан шинэ нисэх онгоцны буудал, дотоодын болон олон улсын нислэгийн аюулгүй байдал бүрэн хангагдах боломжтой болсон байна. Мөн Цаг уур, орчны шинжилгээний газрын төв байрны өргөтгөл 10 давхар шинэ оффисын барилгыг 2022 онд барьж ашиглалтад оруулсан нь Ус цаг уурын албаны зуун жилийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх шинэ зууны томоохон бүтээн байгуулалт болжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10