Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн тоглолт “МОНГОЛЫН ИТГЭЛ ҮНЭМШИЛ” нэртэйгээр Соёлын төв өргөөнд зохион байгуулагдлаа.
Төрийн хүндэтгэлийн тоглолтод мэргэжлийн урлагийн байгууллагууд болон чөлөөт уран бүтээлчдээс бүрдсэн 500 гаруй уран бүтээлч оролцож, найруулагчаар Үндэсний урлагийн их театрын ерөнхий бүжиг дэглээч Х.Хашхүү ажиллалаа.
Төрийн хүндэтгэлийн тоглолтыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Монгол хэмээх нэрийг дэлхийн дайтад таниулан дархалж, дээлтэй түмэндээ сануулан сэрээж, он цагийн сударт тамгалан үлдээж, үеийн үед омогшин бахархах, үр хойчис, үндэстнээрээ ондоошин урагшлах ой санамжийн бичээс болсон монгол наадам эхэллээ.
Туурга тусгаар Монгол улс дэлхийн бусад орнуудтай эв найртайгаар зэрэгцэн оршиж буйн баталгаа, үндэсний мөн чанараа хадгалан хамгаалж, хөгжин дэгжиж буйн илэрхийлэл болсоор ирсэн төрт ёсны их баяр цэнгэл, түмэн олны итгэл үнэмшлийн уулзвар Монгол наадмын түрлэг эхэллээ. Монгол наадам бол монголчууд бидний туулсан замнал, бүтээсэн түүх, босгосон төр, байгуулсан улс гэр, өвлүүлж үлдээдэг өв соёл, үндэсний бахархалт үнэт зүйлсээ сэргээх, сэрээх дотоод итгэл үнэмшлийн их цэнгүүн билээ. “Монгол үндэстний итгэл үнэмшил” хэмээх энэхүү эрхэм нандин үнэт зүйлийг бидний тархи, зүрх, ой санамжид үеийн үед дархалж үлдээдэг зүйл бол Монгол наадам" хэмээгээд Алтан туурт хүлгүүдийнх нь шандас аргамагшиж, аварга хүчит бөхчүүдийн мэх уран, бяр даацтай, эрхий мэргэн харваачдын маань цэц ончтой, сум мэргэн байж, Монгол сайхан оронд минь энх, тунх, мөнх гурав хамт хурж, Монгол Улс хөх тэнгэрийн сүр хүчин дор хүчирхэгжин хөгжихийн ерөөл дэвшүүллээ.
АДМИН








Нийгэм






