Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал: Бид үнэхээр агуу ард түмэн юм аа. Ийм сайхан ард түмний энэ их өв соёлыг, энэ сайхан ард түмнийхээ эв нэгдлийн баталгаа болсон, үндэсний дархлаа, бахархал болсон энэ сайхан наадмыг нээх хувь тохиол олгосон төр түмэн, түмэн олондоо маш их баярлалаа. Монголын ард түмэн эхнээсээ нүүдэлчин өв соёлыг дэлхийд гаргах бүрэн боломжтой. Өв соёлоо тээгээд орчин үеийн техник технологийн шинэчлэл энэ бүхнийг хийгээд, урлаг соёлыг хөгжүүлээд явахад дэлхийд гарах бүрэн боломж бий гэдгийг энэ наадмынхаа нээлтээр харуулахыг зорьсон юм. Та бүхний сэтгэлд нийцсэн бол төр түмнийхээ өмнө үүрэг хариуцлагаа бага ч гэсэн биелүүллээ гэж миний бие баярлаж байна.
-Энэ жилийн баяр наадмын нээлтэд хэчнээн уран бүтээлчид оролцов?
-21 аймгийн язгуурын өв тээгчид болон 8 настай балчраас 80 настай хөгшид хүртэл нийт 1300 гаруй уран бүтээлчид оролцлоо. Өнөөдөр үндэснийхээ өв соёлоор бахархаж дэлхийн үүслээс авхуулаад балар эртний хүмүүсийн аж байдал, ахуйн соёлоос нүүдэлчин монгол ард түмний язгуурын өв соёлыг харуулах гэж гурван сарын турш хөдөлмөрлөсөн. Энэхүү хүч хөдөлмөр минь ийнхүү биеллээ олсонд маш их баяртай байна.
-Наадмын найруулгын зохиол дээр хэн ажилласан бэ?
-МҮОНРТ-ийн радиогийн редактор, Зохиолчдын эвлэлийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Цэнд-Аюуш гэж залуу зохиолыг бичсэн. Үүндээ “Эх дэлхий энх оршихуйн цадиг” нэртэйгээр нүүдэлчин монголчууд байгаль эх дэлхийгээ шүтэн, нүүдэлчин ахуйгаараа дэлхийн даяаршлын үед хүн төрөлхтний энх амгалан, энх оршихуйн төлөө дараагийн сайн сайхан руу уриалан хөтлөх хөтөч нь болж явах боломж байгаа шүү гэдгийг бид бүхэн энэхүү Эх дэлхий энх оршихуйн цадиг хэмээх үзүүлбэрээрээ харуулж байгаа юм.
-Орой энэхүү тоглолт давтана гээд байгаа шүү дээ?
-Өнөө орой 22:00 цагаас яг энэ бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа наадмын шөнийн нээлтийг тавих гэж байна. Тиймээс техник технологи хөгжиж буй энэ эрин зуунд дэлхийн бусад хотуудад болдог үндэсний баяр наадмын нээлт шиг бас нэгэн нээлт хийх боломж олдож, монголд анх удаа үндэсний баяр наадам шөнө нээлтээ хийх гэж байна.
-2 жил дараалан том наадам зохион байгууллаа. Өнгөрсөн жил нутгийнхаа 100 жилийн ойг найруулсан тийм ээ?
-Юм гэдэг бас их учиртай байдаг юм байна. Төрсөн нутгийнхаа 100 жил, Төв аймгийн Баяндэлгэр сумын 100 жил мөн Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн ерөнхий найруулагчаар ажилласан. Тэгээд өндөр төрийн наадмын нээлтийн ерөнхий найруулагчаар ажиллах босгыг давж гарсан юм болов уу гэж нутаг ус, уул аймгийнхандаа маш их баярлаж байна. Ингээд их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн галуут, Баяндэлгэр сумынхандаа маш их баярлалаа.
С.ОТГОН
АДМИН








Нийгэм






