Dark Light
Нийгэм | 2024-07-13

Бөхчүүдэд бай шагнал, цол чимгийн үнэмлэхийг гардууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголчууд бид Тулгар төрийн 2233 Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, Шинэ дархан аваргатай, Шинэ улсын мэргэнтэй, Шинэ түмэн эхүүдтэй, монгол төрийн наадмын онцгой намтар түүхээ зузаатган баяжууллаа. 

Хүй мандлын ногоон дэнжид өнөөдөр Уяачдын наадам эхэлж, сонгомол дээд, дунд, бага насны морьдын уралдаанд нийт 214 хурдан хүлэг уралдлаа. Мөн жороо морины уралдаан зохион байгуулагдаж, улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан болж байна.

Энэ жилийн Үндэсний их баяр наадамд эх орны өнцөг булан бүрээс төрийнхөө их баяр наадмыг зорин ирсэн 6 насны нийт 966 хурдан буян уралдан тоосоо өргөж, торгон жолоогоо өргүүллээ. 

Нүүдэлчдийн уугуул өв соёлын нэгэн гайхамшиг болсон Морь уяхыг төрийн эрхэм үйл хэмээн дээдэлж явдаг уяачид маань төрийнхөө их баяр цэнгэл наадамд нас насны хурдан хүлгээ уралдуулж, түмэн олноо цэнгүүлэн хүүхэд, морь эсэн мэнд, хүн бүхэн баяр хөөрөөр бялхан, Хүйн долоон худгийнхаа буурал дэнжид хурсан олныхоо хийморийг асаан наадаж байна. 

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цол чимгийн үнэмлэхийг гардууллаа. 

Мянга мянган жилийн буурал түүхтэй Монгол төрийн өнөд оршихын их бэлгэдэл, Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, Монгол түмний оюун санааны дархлаа болсон Монгол наадмынхаа авшиг, шүншиг шингэсэн энэхүү дэнжээс төрийн түмэн эхүүдийн босоо цагаан хийморь Та биднийг өнө мөнхөд ивээхийг ерөөе.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10