Dark Light
Нийгэм | 2024-07-15

Тойм: Есийн давааны драм олон жил дурсагдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ жил Улаанбаатар хот хавьцаа бороо хур тэгширсэн өнтэй зун болж байна. Цаг агаарын байдал ч тогтуун сайхан байлаа. Түүнээ дагаад улсын наадам үзэгчдэд эерэг сэтгэгдлийг хоногшуулав. Ярих юмгүй сайхан наадам гэцгээж байна.

Наадмын нээлтэд наадамчин олон ам сайтай байлаа

Өнгөрсөн жилүүдийн наадмын нээлт дээр сошиал орчинд багагүй шүүмж гарч байсан. Энэ жилийн наадмын нээлт найруулга сайтай, уран бүтээлчдийн чансааг сорьсон чамгүй сайн нээлт болсон гэж ард түмэн дүн тавиад буй. Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал энэ жилийн наадмын нээлтийн найруулагчаар ажилласан. “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгын дор ''Монгол оршихуйн Итгэл Үнэмшил''-ийг байгаль эх, хүн төрөлхтний хүйн холбоо, шүтэн барилдлагаас  эхлээд Монгол түмний гайхамшигт өв соёл, ахуй зан заншил, дэлхийд анхдагч археологийн олдворуудыг тэрээр нээлтэд илэрхийлжээ. Мөн  21 аймгийн онцлог шинж чанарыг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан мюзикл маягаар дэглэсэн байв.

Б.Баяраа багш сайхан наадлаа

Энэ жилийн хүчит бөхийн барилдаанд начин, харцага, заан, Дархан аварга гээд бүх цолтон төрлөө. Гавьяат дасгалжуулагч, шигшээ багийн ахлах байсан Бямбаренчингийн Баяраа багшийн гурван шавь шөвгөрсөн. Олимпоор хувцсаа тайлж, эсэргүүцэл үзүүлж байснаар өргөн түмэн Б.Баяраа багшийг андахгүй. Түүний шавь Т.Сайханжаргал зургаа давж харцага цолтон болсон бол, Г.Ганхуяг харцага цолоо батлав. Мөн түүний шавь нарын нэг болох Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Д.Хүдэрбулга О.Хангай аваргаа долоо давж заан цол хүртэв. Чөлөөтийн Б.Баяраа багш энэ жил сайхан наадлаа.

Олноо дурсагдах үзүүр түрүүний барилдаан

Хүчит бөхийн барилдааны есийн даваанд өнөө цагийн хоёр хүчтэн учраа таарлаа. П.Бүрэнтөгс аваргыг наймын даваанд өвдөг шороодуулсан Улсын арслан Б.Орхонбаяр, Д.Хүдэрбулгыг давсан даян аварга Н.Батсуурь нар. Б.Орхонбаярын хувьд илүү эрчтэй дайрч барилдаж байв. Н.Батсуурь аваргын хувьд барилдааны турш зугтаж, өөрийн хүссэн барьц, аль эсвэл моментыг үүсгэхээр тэвчээртэй хүлээв. Хоёр бөх сэтгэлзүйн болоод бие махбод, оюун ухааны тулаанаараа наадамчин түмнийг баясгасан. Наадам нь ганцхан тэр өдрийн явдлаар зогсохгүй хойтон жил хүртэл яригддаг, зарим нь олон жилийн турш дурссаар байх тийм драмлаг, амьдралыг улам олон талт баялаг болгодог түүхэн үйл явдлын нэг билээ. Энэ жилийн есийн даваа ч мөн он удаан жил яригдах хачин жигтэй барилдаан болсныг наадамчин түмэн харсан. Бөхийн дүрэм журам, жудаг, ов заль, эр зориг гээд олон зүйлс энэхүү барилдааныг дагаж дурсагдах билээ.

Наадмын зүлэг барилдааны хувь заяанд нөлөөлөв

Наадмын зүлэг барилдааны хувь заяа, магадгүй түрүү бөхийн хувь заяанд нөлөөлсөн үү. Иргэд сошиал орчинд дуу нэгтэйгээр “тийм” гэж хариулж байна. Бороо орсны дараагаас бөхчүүд халтирч эхэлсэн. Тэр үед асуудлыг шийдэх гарц гаргалгааг бодож тунгаах ёстой байв. Нэг хоёрын даваа дууссаны дараа бүтэн шөнийн хугацаанд зүлгийн асуудлыг шийдэх боломж байсан болов уу. Дараа, дараа жилээс ургуулсан зүлэг ногоон дэвжээн дээр бөхчүүдийг барилдуулах хэрэгтэй. Усалгаа сайтай байхад зүлэг 10 хоногийн дотор ургаж гүйцдэг.

Энэ наадмын чимгүүд

Дорнод аймгийн уяач Г.Заанхүү азаргаа унаж түрүүлгэсэн

Төв цэнгэлдэх хүрээлэнг цангинасан цээл хоолойгоор цуурайтуулан хурдан дааганы цол дуудсан хүү Т.Тэмүүлэн

Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн эгэл төрх

The Hu хамтлагийн наадмын үзүүлбэр

Улсын арслан Б.Орхонбаярын Монгол бөхийн жудаг

Мэдээллийг бэлтгэсэн Б.АМАРТҮВШИН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10