"Парис 2024" зуны олимпын наадам эхлэхэд 10 хоног үлдээд байна. Манай улсаас энэ удаагийн олимпын наадамд 33 тамирчин есөн төрөлд эрх авсан. Харамсалтай нь Монголын буудлагын спортод эрх авсан зарим тамирчны мэдүүлэг дутуу байсны учраас оролцох ёстой дасгалуудад оролцох боломжгүй болсон тухай зарим эх сурвалжууд мэдээлээд байсан юм.
Өөрөөр хэлбэл олимпын наадмын буудлагын төрөлд манай улсаас гурван тамирчин буюу Эрэгтэйчүүдийн төрөлд Н.Баяраа, Э.Даваахүү, эмэгтэйчүүдийн ангилалд О.Есүгэн нар эх орноо төлөөлөн олимпын наадамд оролцох юм.
Гэтэл МҮОХ-ноос тамирчдын мэдүүлгийг дутуу илгээснээс үүдэн О.Есүгэн, Н.Баяраа нар гурван дасгалд буудахаар эрх авсан төрөлдөө л цэц сорих буюу бусад 2 дасгалдаа оролцох боломжгүй болсон байна.
Энэ талаар шигшээ багийн тамирчин О.Есүгэнээс тодруулахад
"Өмнөх олимпоос дүрмийн өөрчлөлт гараагүй. Өнгөрсөн жилийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий 50 метрийн гурван байрлалаас буудах төрөлд эрх авсан. Олимпын эрхийн квот нь дүүрээгүй бол 10 метрийн хийн урт бууны төрөлд оролцох эрх мөн надад ирэх ёстой. МҮОХ-ноос Олон улсын олимпын хороо руу Н.Баяраа ах бид хоёрын мэдүүлгийг явуулахдаа зөвхөн "50 метрийн уртын буудлагын төрөл"-д оролцоно гэдгээр явуулснаас болоод 10 метрийн буудлагын төрөлдөө оролцох боломжгүй болоод байна. Уг нь Э.Даваахүү ахын мэдүүлэг шиг 10 метр болон 25 метрийн буудлагын төрөл гэдгээр нь задалж мэдүүлгийг нь явуулсан бол асуудал үүсэхгүй байлаа.
Олимпод оролцохын тулд дөрвөн жил бэлтгэл хийдэггүй. Спортоор хичээллэж эхэлсэн цаг үеэсээ эхлэн бэлтгэгддэг. Мэдээж олимп гэдэг тамирчин хүн бүрийн хүсэл мөрөөдөл байдаг. Энэ эрхийг олж авахын тулд ямар их золиос, хүч хөдөлмөр зарцуулдаг гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Гэтэл МҮОХ яагаад тамирчныхаа эрхийг хамгаалахгүйгээр өөрсдийнхөө нэр төрийг тэргүүнд тавиад байгааг үнэхээр ойлгохгүй, үнэхээр их гомдож байна" гэв.
АДМИН








Нийгэм






