Арлын Японд докторын зэрэг хамгаалж буй эмч Б.Түвшин сошиал хаяг дээрээ “Хоёр жил гаруй гадаад оронд амьдарч байгаад ирлээ. Гадаадад байгаа Монголчууддаа нэг юм хэлмээр санагдлаа. Сошиал мэдээ худ байна шүү. Манай улс гоё болсоор л байна шүү. Та бүхэн ирж улам гоё болгоход хувь нэмрээ оруулаарай” хэмээн бичжээ.
Нээрээ л гадаадад байгаа нутаг нэгтнүүд минь сошиал мэдээ хараад “Монгол минь арай ч...” хэмээн халаглан суудаг байх даа. Нийгмийн стрессээ гаргах гол талбар сошиал мэдээ болчихсноос биш нийгэм тэр аяараа харанхуй болчихоогүй байна. Хэн нэг нь хүнд өвчин тусаад тусламж эрэхэд бид бөөнөөрөө босч ирээд эмчилгээнийх нь зардлыг нь хандиваар босгоод өгчихдөг. Ийм нэгнээ гэсэн сэтгэл одоо хэр нь бидэнд байна. Хүүхдийн хүчирхийллийн мэдээ шил даран сошиалд урсах ч Монгол хүүхдүүд дэлхийн өөр хаана ч байхгүй эрх чөлөөтэй өсөж байгаа. Бардам хэлнэ. Асуудал мундахгүй.
Гурван хүн суугаад буу халсан ч хаанаас ч юм муулах сэдэв гаргаад ирдэг.
Ер нь хаа очиж Монгол түмэн цадигаа алдаагүй. Хамгийн их ёс жудгаа дээдэлж ирсэн ард түмэн. Энэ ёс суртахуун руу нь халдсан ямарваа нэг үйлдэл, үг яриа гарахад нийгмээрээ тэмцэн бухимддаг, тэрэндээ үнэ хүндтэй ханддаг соёл одоо хэр нь байсаар байна. Байх ч болно. Энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдаанаар ч харагдлаа. Монгол бөхийн жудаг, Монгол бөхөө дээдлэх ёс суртахуун Монгол хүн бүрийн сэтгэлд уяатай байдгийг.
Хурдан морь барианы зурхай дээр ирэхэд Монгол омогшлоо барьж ядан, нулимсаа үзүүлэх монгол туургатан тэр янзаараа байсаар буй. Сошиалд явж буй элдэв цуурхал, хандалтын төлөө сэвэх хар бараан мэдээнүүд. Энэ Монголын амьдрал биш ээ. Монголдоо байгаа монголчуудаа, утсаа тавиад эргэн тойрноо ажигла. Та өөр хаана ч ийм тайвшралыг олохгүй. Гэртээ байгаа хүн байна даа. Гэр орноо бид өөд татна.
Эх орондоо баялаг бүтээж, гэр орныхоо болж бүтэхгүй зүйлсээс хаяхыг нь хаяад, засахыг нь засаад явах учиртай юм.
Дэлхийн амьдрахад хамгийн таатай улс болоход бид ойрхон байна. Улаанбаатараас гараад 20 км давхихад нүд баясгам тал хээр, хөндий угтаад авна. Бусад гадныхан шиг гэмт этгээдүүд, бүлэглэлүүд бүр ч алга. Дайн дажин, байгалийн гамшиг бол тэртээ хол л дуулдана.
Монголоосоо бид зугтаад цалин, амьдралын төлөө нутаг сэлгэсээр яваа. Нүүдэлчин бидний генд ч байдаг байх. Ер нь Монгооосоо гараад явахаараа бид бусдыг үгээ олохгүй магтаж, өөрсдийгөө доош нь хийх талдаа. Гаднынхан хүрээд ирэхээр бурхан лугаа хүндлээстэй. Өөрсдийнхөө үнэ цэнийг багахан ч атугай мэдэрмээр, мэдмээр. Бусдаас жаахан ялгарах гэсэнүүд нь “Манайхааас сайхан газар хаа ч алга” гэх. Асуудал бэрхшээл бүхий л улсад бий. Гол нь тэрийгээ мэдээд засаад явах нь зүйтэй.
Ер нь гайхуулаад байх үүх, түүх, газар оронгүй улсууд ч өөрсдийгөө тэнгэрт тултал магтаж, онцгой үндэстэн хэмээн өргөмжилж байхад бидэнд болохгүй юм байхгүй.
Монголоо гэсэн үндсэрхэг үзэл сарнин алга болж байгаад хэсэг бүлэг хүмүүсийн тархи угаалт нөлөөтэй ч байж болох.
Монголыг харлуулах гэсэн, үндэстний итгэлийг мохоох гэсэн тархи угаалтуудад хаа хаанаа сэрэмжтэй байх хэрэгтэй байна. Эх орноо л хайрлан хамгаалах хэрэгтэй. Эх оронгүй үндэстнүүд дэлхийгээр л нэг байна. Өөрсдийн нутаггүйн зовлон гаднаас нь харахад мэдэгддэггүй. Нэлээд ахиулаад харвал халамцуудаа олигтой, зоримог үг ч хэлж чадахгүй болтлоо няц даруулсан байдаг.
Тэгэхээр өчүүхэн бэртэгчин зангаа хойш тавъя. Хүний нутагт бид дээд талдаа л гэхэд зочны байр суурьтай амьдарна. Ихэнхдээ бид гадаадад хоноц. Хоноцын хөгжил хоноцын аяга гэдэг шиг хоноцын л амьдралаар амьдарна. Тиймээс бид эх орноо там болгочихгүйхэн шиг өөд нь татаад явъя. Үндэстэн гэдэг мөнх биш. Дэлхийн түүхэнд хэчнээн үндэстэн мөхөж, хэчнээн улс сүйрсэн билээ.
Монгол үндэстэн үүсэн бий болсон цагаасаа Хүннү, Сүннүгийн үеийг дайран гарч, Их Монгол Улсыг бүтээж, энэ уул тал, гол мөрөнгөө дагаж, амьдарч ирсэн.
Алдар цуугаа мандуулсан агуу үндэстнүүд бол бид. Дахин мандах цагийг бид өөрсдөө л авчирна. Цаашдаа бидний удам угсаа мянга мянган жил энэ газар шороон дээрээ амьдарна. Амьдарсаар ч байх болно. Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой. Үүнээс ч олон жил эндээ байна. Эх оронч сэтгэлгээ, өөриймсөг эзний ёсоор хандах ёс зүй. Мянга мянган жил байсан бидний энэ өв, үзэл санаа Монгол хүнд мөнхийн тусгаар тогтнолыг заяасан ГЭДЭГТ ИТГЭДЭГ.
Б.АМАРТҮВШИН
АДМИН








Нийгэм






