"Парис-2024" зуны олимпын наадамд манай улсаас буудлагын спортод гурван тамирчин оролцоно. Гэтэл МҮОХ-ноос мэдүүлгийг дутуу явуулснаас үүдэн О.Есүгэн, Н.Баяраа нар зарим төрөлд оролцох боломжгүй болсон талаар цахим хуудаснаа мэдээлсэн.
Тодруулбал, тэднийг 50 метрийн зайнаас буудах ганц ангилалд л Олон улсын олимпын хороо бүртгэсэн байна. Гэвч 10 метрийн зайнд өрсөлдөх ч боломж байсан аж.
Уг асуудалтай холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шуурхай хуралдаан болж мэдээлэл өглөө.
МҮОХ-ноос өгч буй тайлбарт:
"Спортын төрөл, төрлийг хариуцсан мэргэжлийн холбоод нь тамирчдынхаа оролцох ангиллын мэдээллийг бэлтгэн, МҮОХ-нд хүргүүлдэг. Харин МҮОХ ирсэн материалуудыг нэгтгэж, эрх зүйн статустай байгууллагын хувиар Олон улсын олимпын хороо руу мэдүүлэг илгээх, бүртгүүлэх үүрэг хүлээнэ. Түүнээс Олимпын хороо дур мэдэн тамирчдыг хасах, нэмэх үндэслэл байхгүй.
Монголын Үндэсний Буудлагын хороонд МҮОХ-ноос 06 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлгээ ирүүлэх албан бичгийг хүргүүлсэн. Бүртгэлийн хугацаа 07 дугаар сарын 08-ны өдрөөр дууссан. Нэмэлт төрөлд оролцох байсан бол буудлагын холбоо өөрсдөө мэдүүлэгтээ дурьдах ёстой байсан. Гэтэл энэ хооронд Буудлагын хорооноос бутуу бөглөсөн албан бичигтэй холбоотой ямар нэгэн тайлбар ирүүлээгүй.
Одоо олимпын наадамд оролцох тамирчдын бүртгэл бүрэн хаагдсан. Гэхдээ бид дахин Олон улсын олимпын хороонд албан бичгээр хандаж үзнэ. Гэхдээ бүртгэл баталгаажна гэсэн баталгаа байхгүй. Юмыг яаж мэдэхэв гэсэн эцсийн горьдлого тээж л явуулж байна. Цаашид холбоодууд өөрсдөө тамирчдын мэдүүлгийн асуудалд хариуцлагатай хандах ёстой" гэв.
АДМИН








Нийгэм






