Атрын анхны хөдөлмөрийн баатрыг өлгийдөн авч, ургацын төлөвлөгөөгөө 208.9 хувь давуулан биелүүлсэн амжилтаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэж байсан, мөн Төвийн бүсийн “Шилдэг сум”, Сэлэнгэ аймгийн “Шилдэг сум”-ын 10 удаагийн шагналт Ерөөгийнхөн түүхт 100 жилийнхээ ойг өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Алдрын зам, амжилтын буухиагаа өргөжүүлэн тэлж яваа Ерөө сумын 100 жилийн ойн хүндэтгэлийн хуралд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж оролцож баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Аймгийн дарга сум үүсэн байгуулагдсан архивын баримтыг Талархал, орон нутгийн хөрөнгө оруулалтад зарцуулах нэг зуун сая төгрөгийн батламжийн хамт гардуулан өгч, амжилт хүсэв.
Төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, олон арван алдартан гавьяатнуудыг төрүүлсэн өрнүүн их түүхтэй Ерөө сум газар тариалан, уул уурхай, эрчимжсэн мал аж ахуйн салбарыг төвлөрүүлэн хөгжүүлж, 497427.3 тэрбум төгрөгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, аймгийн үр тарианы ургацын 20 хувийг дангаараа бэлтгэн улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар яваа юм.
Баярын энэ өдөр төр түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн зарим хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.
Хүндэт зочдын дунд төрөлх сумтайгаа нас чацуу ахмад настан Б.Нанзад тэнхлүүн суух нь наадамчин олны бахархлын нэг болж байв. Өдгөө 100 насны сүүдэр зооглож буй Б.Нанзад гуай 10 хүүхэд төрүүлж өсгөн, 140 гаруй ач, зээ, үр хүүхдүүдээ тойруулан энх мэнд жаргаж сууна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум нь 1924 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошууны Хүдрийн Бэлчир гэдэг газар Галттай нэртэйгээр 240 өрх, 2039 хүн амтай буриад иргэдийн хүсэлтээр байгуулжээ.
Түүнээс хойш сумын төвийг 1925 онд Карников тосгонд 1953 онд одоогийн Тавинд шилжүүлсэн байна. Тус сумаас 1971 онд одоогийн Хүдэр сум, 1976 онд Жавхлант сум тус тус бие даан гарч, Засаг захиргааны нэгж болон салсан түүхтэй.
АДМИН








Нийгэм






