Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс Бөхийн салбар хороо, Допингийн эсрэг үндэсний байгууллагын төлөөллүүд допингийн шинжилгээний хариуг өнөөдөр /2024.07.17/ олон нийтэд танилцууллаа.
Энэ жилийн тухайд Үндэсний их баяр наадамд оролцсон тамирчдын допингийн шинжилгээг ХБНГУ-ын Дрезден хотын лабораторид шинжлүүлсэн.
Шинжилгээ авахаас эхлэн лабораторид хүргүүлэх бүхий л үйл явцыг хууль хяналтын байгууллагын хараа хяналтан дор ямар нэгэн зөрчил дутагдалгүй явуулсан гэдгээ албаныхан илэрхийлсэн юм.
Шөвгөрсөн 32 бөх болон 16 харваачийн нийт 48 шинжилгээний сорьц Дрезден хотын лабораторид Улаанбаатарын цагаар долоодугаар сарын 14-ны 02:00 цагт хүргэгдэж, долоодугаар сарын 15-ны орой 22 цагт цахим шуудангаар нийт 44 сорьцын хариуг ирүүлжээ. Тус 44 сорьцод допингийн төрлийн хориотой бодис илрээгүй байна. Харин үлдсэн дөрвөн сорьц нь лабораторын нарийвчилсан шинжилгээнд орж байгаа тул хариу нь ирээгүй байгаа аж.
Учир нь сэжигтэй тохиолдол нь зөвхөн допингийн төрлийн бодис илэрсэн байж болзошгүйг илтгэдэг. Иймд сэжигтэй тохиолдол илэрвэл түүнийг дахин нарийвчлан шинжилдэг байна.
Нарийвчилсан шинжилгээний хариу хэзээ ирэхийг хэлэх боломжгүй. 14-21 хоног сунжирч магадгүй. Лаборатори хэзээ хариу илгээнэ тэр үед мэдээлнэ гэв.
Мөн сэжигтэй тохиолдол гэдэг нь тухайн допингийн төрлийн бодис тухайн хүний биед яаж орсноос шалтгаалан нарийвчилсан шинжилгээгээр үгүйсгэгдэх тохиолдол бий. Хэрвээ үнэхээр эерэг гарсан тохиолдолд тухайн тамирчдад танилцуулж "Б" сорьц өгөх эсэхээ шийдвэрлэх ёстой. Үүний дараа нэрсийг зарлах хууль, эрх зүйн зохицуулалт бий болно гэв.
АДМИН








Нийгэм






