Төв цэнгэлдэх хүрээлэнг цангинасан цээл хоолойгоор цуурайтуулан хурдан дааганы цол дуудсан хүү Туулбаатарын Тэмүүлэнтэй ярилцлаа. Бяцхан өв тээгч Т.Тэмүүлэн 53 дугаар сургуулийн 6г ангийн сурагч. Тэрээр төрөлх Баянхонгор аймгийн Өлзийт сумынхаа 100 жилийн ойд оролцохоор нутаг буцсан учир дүрст дуудлагаар холбогдлоо.
-Сайхан зусаж байна уу?
-Сайхан. Та сайхан зусаж байна уу.
-Өлзийт сумынхаа ойн баярт оролцохоор нутагтаа байгаа гэж сонслоо?
-Өлзийтийн ой доо соёолонгийн цол дуудахаар оролцож байгаа. Мөн ерөөл уншиж, дуу дуулна. Зундаа амралтаараа эндээ ирчихдэг. Өвөлдөө Улаанбаатартаа очиж сурна. Манай Баянхонгор аймаг бол говь, хангай, хээр хосолсон сайхан нутаг. Өлзийт сум маань ихэнхдээ говь талдаа байдаг.
-Улсын наадамдаа хурдан даага цоллоод зон олноо баясгасан. Сэтгэгдэл хэр байна?
-Их урам авлаа. Цаашдаа энэ хүмүүсийн итгэлийг алдаж болохгүй шүү гээд өөртөө хэлээд байж байна. Эмоцитой их гоё сэтгэмж төрж байна л даа. Би бол жаахан айгаад ичээд байгаа байхгүй юу. Цол дуудсаны ардаас үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмж авдаг.
-Аав, ээж нь юу гэж байна?
-Аав, ээж минь “сайн байна, миний хүү” гэсэн. Цаашдаа сайн хичээгээрэй, биеэ битгий тоогоорой гэсэн.

-Улсын наадмаа дуусгаад залгаад ойн баяртаа оролцож байна. Ойрхон том арга хэмжээнүүдэд оролцоод ядарч байна уу?
-Энэ жил жаахан ядарлаа. Улсын наадмын үеэр бүр хоол орохгүй, уначих гээд яваад байсан.
-Анх удаа улсын наадамд цол дуудав уу. Улсын наадамд цол дуудахад ямар шалгуур тавьдаг вэ?
-Улсын наадамд анх удаа оролцож байна. Өмнө нь хэд хэдэн наадмуудад оролцож байсан. Наадамд цол дуудахын тулд тухайн жилдээ сайн байх хэрэгтэй. Мөн наадмын үеэр хоолой сайн байвал тухайн жил дээ улсын наадамд орчхож магадгүй байдаг. Ер нь хоолойндоо сайн гам барьж байж улсын наадам даа амжилттай оролцоно шүү дээ.
-Цол яагаад дуудах болсон бэ?
-Анх сонсож үзээд их гоё сонсголонтой санагдаад морь цоллож эхэлсэн. Цол дуудаад хоёр дахь жил рүүгээ орж байна. Анх удаа дуудаж үзээд Монгол омогшил толгой дотор орж ирсэн.
-Цол дуудахаар толгой дотор нь омогшил орж идэг гэлээ. Мэдрэмж нь ямар байдаг вэ?
-Хийморь минь сэргэх шиг болдог. Хурдан хүлгүүд, буянуудын хийморь нь нөлөөлдөг байх. Хийморь ирээд ажил үйлс нээх сайхан бүтэж байгаа юм шиг нээх сайхан огшоод л явчихдаг. Яадаг юм байгаа юм. Хоол ч орохгүй, ус уугаад. Бүр нэг тийм болчихдог.
-Наадамд цол дуудахад бэлтгэл ажил хэр хийдэг вэ. Багш нар нь зааж зөвлөдөг үү?
-Морь, бөх цоллооч, Улсын ахлах засуул МУСТА Хүрэлбаатар багш минь бий. Гам уншуулна, өглөө босохоор халуун ус уулгана гэх мэтээр бэлтгэдэг. Өмнөх өдрөөс эхлүүлээд олон зүйл бэлддэг.
-Тэр олон мянган үзэгчдийн дунд төв цэнгэлдэхэд гарахад ямар санагдсан бэ?
-Эхэндээ аймар айж байсан. Үзэгчид уухайлаад, сайн байна шүү, гоё байна шүү гэж хэлэхэд омогшсон. Омогших сэтгэлээ дагаад зориг ороод айдас үргээд. Хүмүүсийн уухайн түрлэг хоолойнд минь хүч оруулчих шиг болсон.

-Цаашдаа энэ авьяасаа хэрхэн хөгжүүлье гэж бодож байна?
-Би морь цоллооч болоод, дараа нь бөх цоллооч болно. Давхар уртын дуу сурна гэсэн бодолтой байгаа. Хобби маань урлаг. Тэр дундаа ардын урлаг.
-Бөх цоллооч болно гэлээ. Бөхийн талаар хэр судалж байна даа?
-Судалдаг. Мэхээс өгсүүлээд олон суралцах зүйлс байна.
-Ардын урлагийн ямар төрлийг анх сонирхов. Ер нь хамгийн дуртай ардын урлагийн төрөл нь юу вэ?
-Анх товшуур гэх ардын хөгжмийг тоглож сурч, ардын урлагийнхаа замналыг эхлүүлсэн. Хөгжимтэйгөө давхар хөөмийлөөд магтаал унших илүү ойрхон санагддаг. Магтаж байгаа үгнүүд, аялгуу маш их таалагддаг.
-Ардын урлагаас яг ямар мэдрэмж авдаг нь, их сонирхолтой байна?
-Монгол омогшил, Монгол урлаг, Монгол өв соёлоосоо их гоё мэдрэмж авдаг. Орилчихмоор ч юм шиг, бачуураад байгаа юм шиг, айгаад байгаа юм шиг тийм сайхан мэдрэмж.
-Сургуулийнхаа урлагийн үзлэгт оролцдог уу?
-Ноднин, уржнан оролцсон. Дуу, дуулах төрөлд нь оролцдог. Оролцоод алтан медаль авч байлаа.
-Ангийнхан дунд нь ижил сонирхолтой хүүхдүүд байна уу. Ардын урлагаас өөр дугуйланд явдаг уу?
-Манай ангид ардын урлагт хоббитой хүмүүс байхгүй дээ. Кпоп, хип хоп руугаа түлхүү сонирхдог. Сургуулийнхаа волейболын дугуйланд явж байгаа.
-Ярилцсанд баярлалаа...
-Баярлалаа. Та бүхэн минь сайхан наадаарай. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, эрүүл саруул амьдраарай.
Б.АМАРТҮВШИН

АДМИН








Нийгэм







