Улаанбаатар хотын суурьшлын бүсэд могой орж ирэх нь олширчээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт бамбай хоншоорт буюу хорт, мөн рашааны могой буюу хоргүй могой тархсан байдаг. Сүүлийн үед могой суурьшлын бүсэд орж ирсэн гэх дуудлага ирэх болсон. Ийм төрлийн дуудлага жил бүрийн долоодугаар сараас есдүгээр сарын сүүл хүртэл буюу могойны идэвхжилийн үеэр нэмэгддэг.
Могой үерийн усаар дамжин орж ирдэг гэх таамаглал байдаг. Могой хүйтэн цустай амьтан учир дулаан газар руу тэмүүлж байдаг. Хөдөө явсан иргэдийн тээврийн хэрэгслийн мотороор дамжин орж, улмаар хотын төвөөр тархаж байна гэсэн таамаг бий.
Хатгасан дор сорох юм уу өвчин намдаах эм уух, бүлээн жин тавих нь буруу. Харин гарын доорх материалаар хазуулсан газрын дээд талаар чангалуур тавих нь зөв. Чангалуурыг резинээр тавибал илүү сайн.
Сорж хэрхэвч болохгүй. Харин зориулалтын бумба, эсвэл бумбаны орон ашиглаж болохоор жижиг аяга, хундага зэргийг тавиад хөхүүлж болдог. Ингэхийн тулд савныхаа амыг доош харуулан дороос нь гал асаан хийгүй болгоод маш хурдан зүссэн хэсэг дээрээ наадаг. Сайн хөхүүлсний дараа бумбаа авч шархыг спирт, марганц, ариутгалын бусад бодисоор сайн цэвэрлээд боолт хийж, тухайн хэсгийг аль болох хөдөлгөөнгүй байлгана.
Тэгээд эмнэлэгт хүргэх нь зөв. Өвдөлт их байвал анальгин, диклоденк зэрэг өвчин намдаах төрлийн эм өгч болно. Эмч үзээд шаардлагатай гэж үзвэл алдсан цусыг нөхөх болон хорыг саармагжуулах шингэн сэлбэх эсэхийг шийднэ.
Могойтой газар явахдаа хянуур болгоомжтой байхын дээр түрийтэй гутал, урт өмд өмсөх, гишгэх газраа сайтар харах, нүцгэн гараараа өвс, цэцэг зулгаах, тасдахаас аль болох зайлсхийх нь зүйтэй.
Могойд хатгуулсан үед үзүүлэх анхны тусламж:
-Эмнэлгийн тусламж яаралтай дуудах
-Хөдөлгөөнгүй байлгах
-Хорыг цааш тархахаас сэргийлж боолт хийх
-Хатгуулсан хүнд тусламж үзүүлэх гэж буй тохиолдолд цусаар дамжих халдвараас сэргийлж бээлий өмсөх
-Хазуулсан хэсгийг цэвэрлэж, ариутгах
-Шил, саваар бумбадах
-Цусыг амаар соруулахаас зайлсхийх, учир нь цусыг сорсноор тусламж үзүүлэгч танд ямар нэгэн халдвар дамжиж болзошгүй
-Гар, хөлөнд хатгуулсан бол үеэр нугалж даавуу, самбаа тавьж боох
-Их хэмжээгээр ус уулгах
-Хазуулсан цагийг тэмдэглэх
-Могойн зургийг авах

АДМИН








Нийгэм







