Орхоны хөндийд Шинэ хархорум хотыг байгуулахаар болсныг уншигч та бүхэн гадарлах биз ээ. Өвөрхангай аймгийн Хархорин, Архангай аймгийн Өгий нуур, Өлзийт, Хашаат, Хотонт сумдыг дамнан Алтай, Хангайн нурууны завсарт Орхоны хөндий оршдог.
I.

Улаанбаатарыг дэлхийн хамгийн хүйтэн хот хэмээн шогширдог. Хүйтэн газрын зовлон их. Хөлдөөд үхчихгүйн тулд нүүрсээ түлж утаа гаргана. Сайжруулсан түлш түлээд утаа, тоос тортог, халтиргаа гулгаа, хүхрийн хий алга болохгүй гэдгийг бид харлаа. Жилийн жилд том жижиггүй ханиад хүрнэ. Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй коридор, хонгилоор нь дүүрэн өвчтөнүүд. Улсаараа нэг пөөнийсөн хүмүүс тоос тортог, утаа болсон хот доо пингвин шиг алхаад явцгааж байдаг. Нийслэл маань маш өндөрт, харьцангуй өндөр өргөрөгт, ямар ч эргээс хэдэн зуун км зайтай оршдог. Жилийн дундаж температур -1.3 цельс. Богинохон зунтай, маш урт хүйтэн өвөлтэй.
Харин Орхоны хөндий тэр дундаа Хархорин хавьцаа арай өөр дүр зураг биднийг угтана. Тэндхийн газрын хотгор гүдгэрийн ялгаа, далайн түвшнээс дээшхи өндөр зэргээс хамааран өвөл нь хүйтэнгүй, зун нь сэрүүн байдаг зүй тогтолтой. Өвлийн улиралд -20 цельс хүрэхгүй хүйтэрнэ. Агаарын дундаж температур нь яг тэг байдаг. Агаарын чийгшил сайтай. Цасан бүрхүүл тогтдоггүй. Улаанбаатарын хамгийн том асуудал хөрсний бохирдол. Хархорин хавьцаа үржил шимт давхарга зузаан, ялзмагийн хэмжээ ихтэй байдаг нь давуу тал юм. Дөрвөн уулын дунд биш, том хөндийд Хархорин оршдог тул хотын дэд бүтэц, зохион байгуулалт хийхэд тохиромжтой. Хангайн нуруунаас эх аван урсдаг 20 гаруй гол горхитой. Урт зунтай, богино өвөлтэй.
Ташрамд дурдахад Монголын хамгийн дулаан бүс Ханбогд сум өргөргийн 43 градуст оршдог. Бээжин 40 градуст, Вашингтон 45 градуст байдаг. Тэгэхээр Бээжин, Вашингтонтой цаг уурын хувьд ойролцоо дулаахан гэсэн үг. Урд хөршийн дулаан тохь, хаа холын Америкийн номхон далайн баруун хойд бүсэд орших Вашингтоны тав тух Ханбогдод байж болохоор байгаа биз. Зэс ихтэй газар илч бий болоод өвөл дөө өмд, цамцтай ч явж болохоор.
II.

Хүн төрөлхтний нэн эртний түүхийг гэрчлэх чулуун зэвсгийн үеийн дурсгалт газар бол Хархорин. Ер нь Монгол нутагт амьдарч ирсэн Монгол угсаатнуудын хүчирхэгжиж ирсэн түүх Хархоринтой холбогддог. Энд нүүдэлчдийн анхны төрт улс үүссэн. Хүннү гүрэн яг энэ нутагт энх тунх, элбэг хангалуун амьдарч байв. Их эзэн Чингис хааны үндэслэн байгуулсан Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот мөн л энд байгуулагдсан. Монголын газар нутгийн төв цэг Хархорин. Монголын аль ч хязгаар нутаг руу явсан 2000 хүрэхгүй км зайтай. Манай улсын хөгжлийг боомилж буй хамгийн том шалтгаан бол хэт их төвлөрөл. Томоохон хот суурин газруудыг байгуулж, тэндээ эдийн засгийн эргэлт, татварын дэмжлэгийг үзүүлснээр энэ төвлөрөл багасна.
Яг одоо Улаанбаатарт хүн амын 50 хувь, төрийн байгууллага, их дээд сургуулиуд бараг бүгд, ер нь Монгол гэх бүх зүйлс Улаанбаатарт төвлөрчихсөн байна. Улаанбаатар улс гэж нэрлэж ч болохоор. Энэ их төвлөрлөөс болж хүрээлэн буй орчны доройтол, бүс нутгийн тэнцвэрт бус хөгжил, хот болон хөдөөгийн хөгжлийн ялгаатай байдал ихэссэн. Дэд бүтцийн даац хэтэрч, ажилгүйдлийн түвшин болоод нийгэм эдийн засгийн сөрөг үр дагаврууд улам бүр нэмэгдсээр.
III.

Бүс нутгийн тэнцвэртэй хөгжил хэмээн сүүлийн жилүүдэд ярих болсон. Хотоос гараад захын сумын төв ороход модон жорлон, шороон зам, ажилгүйдэл таныг угтана.
Орхоны хөндийн 189 мянган га газарт Хархорум хот байгуулагдана. Энэ нь Бангладеш улсын газар нутагтай тэнцэнэ гэсэн үг. Төрийнхний үзэж байгаагаар Шинэ Хархорум хотод олон улсын байгууллага, гадаад улс орны дипломат төлөөлөгчдийн газар төвлөрч, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн байна.
“Шинэ Хархорум” хотын концепцыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын явц эхэлсэн. Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах ажил ийн үргэлжилж байна. Сонгон шалгаруулалтад нийт 54 улсын 428 баг бүртгүүлж, 76 баг бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн шилдэг бүтээл тэнцжээ. Ирэх сарын 1-нд эцсийн шалгаруулалт болно.
Заримд нь Шинэ Хархорум хоосон мөрөөдөл мэт их холын санагдаж болох юм. Зүтгэж хийвэл хүн төрөлхтөн энэ байтугайг бүтээдэг. Бид ч тэдний нэг эд эс, ширхэг. Газар нутаггүй ард түмэн далай дээр ч хот сүндэрлүүлж байна. 10-хан жилийн өмнө бид товчлууртай утас хэрэглэж байсныг эргэн сануулах илүүц биз. Хот байгуулна гэдэг бол ашигтай төсөл. Шинэ хот байгуулах эрэлт аль хэдийн хоолой дээр тулчихсан гэдгийг бид Улаанбаатарын амьдралаас харж байна. Гол нь Л.Оюун-Эрдэнийн баг энэ төслийг ажил хэрэг болгож чадах уу л гэдэг байна.
IV.

Сүүлд нь дүгнэхэд ажлын байр ихтэй газар хүн ам төвлөрч хот босдог жишигтэй. Түүнчлэн татварын болоод эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй. Хархоринд ажил хөдөлмөр эрхлэхэд дарамт шахалтгүй, хялбар байвал хүссэн хүсээгүй иргэд тийшээ шуурна.
Хот босоход бэлэн хэд хэдэн газрууд байна. Жишээ нь, Ханбогд, Цогцэций гэх ажлын байр, эдийн засгийн эргэлт ихтэй сумдууд. Ханбогд, Манлай, Өлзийт, Мандалговийн чиглэлийн хатуу хучилттай замыг тавихад хүн амын төвлөрөл тийшээ зүглэхээр байна. Хотын статустай болох нь цаг хугацааны асуудал. Тэнд хууль зүйн болоод татварын орчныг бүрдүүлээд өгвөл Лас Вегас шиг зугаа цэнгэлийн хот байгуулж болохоор. Ханбогдын төвөөс баруун тийш 40 км яваад Оюу толгой байгаа. Оюу толгой руу төмөр зам, хар зам очно. Цахилгаан, цэвэр ус бол тэндээ шийдэгдчихсэн. Цаг агаар нь дулаахан. Эрдэнэт үйлдвэр, Багануурыг түшиглээд бүхэл бүтэн хот, дүүрэг сүндэрлүүлж болсон. Уул уурхайгаа дагаад эдгээр сумд хөгжинө. Хөдөөг зорих их нүүдэл аль хэдийнээ эхэлчихсэн. Ханбогдод ч тэр төвлөрөл үүсч байна. Эртхэн дэд бүтцийг нь шийдээд, хотын статустай болгоё. Дурын хүн очоод ямар ч бизнес эхлүүлсэн тэнд дорхноо хөл дээрээ босоод ирнэ.
Ер нь нэг хот доо төвлөрч суугаад байх шаардлага бидэнд алга. Технологи хөгжсөн үе. Уулын мухраас ч компаниа удирдаад, бизнесээ хийгээд байх боломжтой цаг. Гол нь эдгээр байгуулагдах хотуудыг холбох замын асуудал байна. Эрдэнэт-Дархан-Улаанбаатар-Хархорин-Цогтцэций-Ханбогд чиглэл бүхий хурдны гал тэргийн төмөр замын ажлыг одоо төлөвлөж эхлэх цаг.
Б.АМАРТҮВШИН
АДМИН








Нийгэм







