Нийслэл Улаанбаатар хотын зүгээс замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэлийн хүрээнд 600 автобусыг шинээр худалдан авч, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулан хүлээлгэн өгөөд байна.
Өнөөдөр /2024.07.25/ “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн зүгээс нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн “Эс энд Эй транс” ХХК /11 ширхэг/, “Үнэгтийн уул” ХХК компанитай /4 ширхэг/ Hyundai County маркийн дунд оврын 15 шинэ автобусыг “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгууллаа. Гэрээнд, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Дашдэмбэрэл, "Эс Энд Эй Транс" ХХК-ийн захирал Д.Цоггэрэл, "Үнэгтийн уул" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхдалай нар гарын үсэг зуран баталгаажуулав. Дээрх компаниуд нийт 4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 15 автобусыг долоон жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авч, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж багатай нийслэлийн захын дүүргийн 4 чиглэлд үйлчлэх юм.
2024 онд нийт 12 компанийн 348 автобусыг 7 жилийн хугацаатай гэрээ байгуулж, төлбөртэйгөөр ашиглаж байна. Гэрээнд заагдсан эргэн төлөлтийг “Нийтийн тээвэр хөгжүүлэх сан”-д төвлөрүүлж байгаа бөгөөд, уг санг хөрөнгөжүүлэх замаар дараагийн парк шинэчлэлийг хийх боломжийг бүрдүүлэхээр бид ажиллаж байна. Одоогийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагатай хийсэн гэрээний дагуу тус санд 18,8 тэрбум төгрөг хуримтлагдаад байна.


АДМИН








Нийгэм







