Dark Light
Нийгэм | 2024-07-27

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум Сүхбаатарын одонгоор шагнагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар сум 1924 онд Жавхлант шарга нэртэй байгуулагдаж, 1943 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн наймдугаар тогтоолоор Их Жанжны нэрэмжит болж Сүхбаатар сум гэж нэрлэгджээ.

Түүхт 100 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэж байна. Аймгийн Засаг дарга М. Идэрбат, аймгийн Засаг даргын орлогч Г. Мөнхзаяа нар баяр наадмын нээлтийн арга хэмжээнд оролцож баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж 10.0 сая төгрөгийн хандив өргөлөө. 

Тус сум түүхэн ойн баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнагдаж, УИХ-ын гишүүн У. Отгонбаяр гардуулж өглөө. 

Сум байгуулагдсан цагаасаа хөдөлмөрч түмнийхээ идэвх санаачилгыг өрнүүлэн сумаа хөгжүүлэх, аймаг орон нутаг, улмаар улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар ирснийг 1942 онд мал өсгөх болон ноос бэлтгэх төлөвлөгөөг давуулан биелүүлж, Засгийн газрын “Хүндэт үнэмлэх”-ээр, 

1956 онд ажлаараа улсад 2-р байрт шалгарч удирдах дөрвөн байгууллагын шилжин явах туг, диплом, мөнгөн шагналаар, 

1962 онд төлөвлөгөөт үзүүлэлтээ бүрэн биелүүлж уралдаанд шалгаран “ЯВА” мотоциклоор, 

1979 онд төл бойжуулалтаар улсад шалгарч удирдах дөрвөн байгууллагын жуух бичиг, ГАЗ-53 машинаар, 

2012 онд Улсын тэргүүний сумаар шалгарч зуун сая төгрөгөөр шагнагдаж байсан зэрэг олон баримт байдаг байна.

Их жанжин Д.Сүхбаатар, МУ-ын Ерөнхий сайд С.Батболд зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүд, Улсын баатар Бүргэдээ, ардын хувьсгалын партизан Даш, Дамчаа, Намжил, Хөдөлмөрийн баатар Н.Осгон, ардын багш З.Батсүх, доктор Батжаргал, гавьяат багш Х.Далхжав, Б.Гомбосүрэн, Т.Банзрагч, гавьяат эдийн засагч З.Нямаа, гавьяат барилгачин Р.Буд, Хошой аварга малчин Ш.Сугар, Х.Сугар, Улсын сайн малчин Г.Мятав, Э.Шарав, Х.Цэрэнноров, С.Зундуй, С.Цогзол, Я.Өлзий, Г.Уламбаяр, Г.Сумъяа, Б.Балжинням, Д.Батсүх, Ж.Болдбаатар нарын алдартан гавьяатнууд, Даншгийн наадамд 12 удаа түрүүлсэн их аварга Г.Өсөхбаяр, улсын харцага Л.Дашдаваа, начин Ж.Чулуун зэрэг алдарт бөхчүүд болон бусад олон олон алдар цуутнууд энэ нутгаас төрөн гарчээ. Түүнчлэн улс даяар гайхагдсан алдарт хурдан хүлэг “Нийгмийн хонгор” морь нь Сүхбаатар нутгийн бахархал болсон билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10