Тогмидын Доржханд толгой угаахгүй бол тог, дулаанаар өөрсдийгөө хангаад зогсохгүй өрөөл бусдад зардаг улс болоход том саад тээг болоод байгаа юм уу? Татвар төлөгч Та бидний өөрсдийн 8 тэрбумаар тархи угаавал тог тасрахаа болих юм уу? Тог, дулаан, дагаад бүх юмны үнэ өссөн ч үг дуугүй хүлээн зөвшөөрч, эрчгүй хүчгүй болж өвгөрсөн эрчим хүчний салбарын алдагдлыг нь нуруун дээрээ үүрч байгаа ард түмнээ өөрсдийнх нь татварын 8 тэрбумаар нэмж торгох хүслийг нь УИХ тас цохилоо. Улсын төсөвт тусгуулахаар Сангийн яаманд анх явуулсан албан бичигтээ 10 тэрбумаар ухуулга сурталчилгаа хийнэ гэж цагаан дээр хараар дурайж байна. Хандаа сайд хараар бичсэн тоо нь цаасан дээрээ баригдмагц дөнгөж 500 сая гэж мэлзэж үзсэн ч Та бидний татварын мөнгөөр Та бидний тархийг угаах санаархлыг танаж хаслаа.
Өөрчлөхгүй бол өвөлдөө хотоороо хөлдүүс болох юм байна гэдгийг тог тасарч, лаа асааж, газан плитканд хоол, цай хийх бүрдээ тултал мэдэрч байна. Хотол олны хоточ нохой байж, төрийг хянадаг хэвлэл мэдээллийн амыг энэ мэтээр таглаад дараа нь худалдагдсан, зарагдсан гэж гоочилдог юм. Гуя дагуулж хүзүү гэдэг шиг Хандаа сайдыг магтан дуулж, харыг цагаан болгох хаалтын гэрээтэй гэрээгүй эрчим хүчинд эрс өөрчлөлт хэрэгтэйг нар, салхи хоёр хэлээд өглөө. Нар ажлаа таслаад нарны станцууд, салхи залхуураад салхин станцууд тог нийлүүлж чадаагүйг Чойжоо сайд илчиллээ. Үзэгдэхээ болсон Наранцэцэг, үлээхээ байсан Салхинцэцэг гэдэг хоёр ажилтан ямар ч цалин хөлсгүйгээр яс маханд тултал ойлгуулж өглөө. Утаа арилгах, тог үйлдвэрлэх, эрчим хүчний реформын пиарын ажлыг ч нар, салхи хоёр л хийж байна. Хандаа сайд хэлснээрээ хамаг тог экспортолчихов уу гэтэл нар, салхи хоёр ажлаа тасалсан юм байна.
Эрчим хүчний реформын үндэсний хорооноос гарсан Цэнгүүнийг төрөөгүй байхад л эхэлсэн шинэ цахилгаан станц барих гуч гаруй жил дуусаагүй байна. Энэ янзаараа бол Цэнгүүнийг эмээ болчихсон байхад яриа хэвээрээ байж мэдэхээр байна. Туурга тусгаар улс харь айлаас гал гэрэл, түлээ түлш царайчилсаар байвал халаасны өрөөнд үлдэнэ.
АДМИН








Нийгэм







