УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын хил дээрээс буцаж байгаа Монголчуудынхаа асуудлыг онцгой анхаарч ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт үүрэгдэв.
БНСУ-ын виз авсан иргэд тус улсын хил дээрээс буцаагдаж байгаа асуудал гарсаар байна. Өнөөдөр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын хил дээр эрх нь зөрчигдөж байгаа монгол иргэдийн асуудалд гадаад харилцааны яам онцгой анхаарах ёстойг санууллаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэг ч монгол хүний эрх аль ч улсад зөрчигддөггүй байх ёстой хэмээгээд Б.Батцэцэг сайдыг энэ асуудалд анхаарч ажилла гэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бүх түвшинд анхаарч ажиллаж байгаа, БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргын айлчлалын үеэр асуудлыг хөндсөн гэдгээ хэлсэн юм. Гадаад харилцааны яам тус улсын визтэй холбоотой асуудлаар иргэдээ мэдээлэлтэй болгох, БНСУ-ын виз мэдүүлгийн компаниудтай хамтарч ажиллах гэх мэт арга хэмжээ авч байгаа юм байна.