“Улаанбаатар травэл экспо- 2025” аялал жуулчлалын үзэсгэлэн 11 дэх жилдээ Улаанбаатар зочид буудлын Их танхимд зохион байгуулагдаж байна.
2025 оны 05 сарын 16-18-ны өдрүүдэд нээлттэй байх тус үзэсгэлэнд иргэн, аялагчид дотооддоо болон гадаад улс руу мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, аялагчдын хүсэл сонирхолд нийцсэн хөтөлбөр, багцтай танилцах, сонголтоо хийх, захиалгаа хямдралтай үнээр өгөх бол тус үзэсгэлэнг зориорой. Улаанбаатарт болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын байгууллага, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийг нэг дороос авах боломжийг олгож байна.
Үзэсгэлэн олон улсын шинж чанартай болж өргөжин гадаад улсын зочид төлөөлөгчид, албаны хүмүүс болон аялал жуулчлалын байгууллага, тур оператор компаниудын төлөөлөл оролцож аяллын бүтээгдэхүүн үйлчилгээгээ монголчуудад танилцуулж байна.
Энэ удаад БНХАУ-ын Хайнань, БНХАУ-ын ӨМӨЗО-ны аялал жуулчлалын тур оператор, авиа компани, төлөөлөгчийн газрууд оролцож, үйл ажиллагаа, аяллын хөтөлбөр, мэдээ мэдээллээ өгч ажиллаж байна. Урин дулаан цаг ирж хүн бүхэн амралт, аяллаа төлөвлөж буй энэ үед Улаанбаатар травел аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулдаг нь нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагаа гэр бүл, найз нөхөд, хамт олноороо эх орон, нийслэл хотдоо болон хилийн чанадад хэрхэн, яаж зүй зохистой, зөв төлөвлөлттэй аялах талаарх бүхий л мэдээ мэдээлэл, зөвлөмжийг өгч байгаагаараа онцлог юм.