Dark Light
Нийгэм | 2025-05-17

ОРЛОГОО НОТЛОХ АМАРХАН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрч буй 7 хоногийн туршид олны анхаарлын төвд тансаг зарлага, орлого, зарлагыг үндсэндээ ганцхан асуудал байлаа.

Ерөнхий сайдын эрхэлсэн тодорхой ажил бизнесгүй 22 настай хүү О.Тэмүүлэн хаанаас яаж олсон ямар мөнгөөр сүйт бүсгүйгээ эрхлүүлсэн бэ?

Зарлага нь нотлогдсон, орлого нь нотлогдоогүй өндөр үнэтэй үрлэг тансаглалын сэдэв бүх ард түмний үзэл бодлын олимпиад, сошиал контентын спартакиадын хэмжээнд өрнөж байна. Ядаж байхад Ө.Өгөөмөр өөрөө онгироод дэлгээд хаячихсан байдаг.

Уран бэрийн нүүдэл үү, хорон бэрийн мад уу? Бэр эрхэлж, бэрс шалж, бэрх юм болоод байна. Олон түмэн Оюун-Эрдэнээс орлогоо нотлохыг шаардаад байдаг. Оронд нь гарсан худ ёстой худ болоод байдаг. Өгөөмөрийн аав гэдэг албан тушаал нь ч юу вэ. Ямар Солонгосын олон ангит киноны баатар уу? Үсийг нь гельдээд ч нэмэр алга. Хуучин утас кабель, мод, түлээ, угаалгын машин, манаачийн бүхээг зарсан, групп тогтоолгож хураасан мөнгөөрөө бенз аваад охиндоо өгөөд байдаг Өгөөдэйбаатар аа, Өгөөмөрийн аав аа... Энэ явдаггүй ээ. Хүргэн болох хүнээ танихгүй, эцгийнх нь нэрийг ч асуугаагүй гэхээр тусгай өрөөнд сагс үзсэн саагуу зураг савагдаад байдаг. Өгөөдэйбаатар биш ээ Аваадайбаатар шүү, Өгөөмөр биш ээ Аваамар юм уу ч гэж байх шиг.

Сэвэн нуга амралтын газрыг бүтнээр нь хөлслөөд авчихсан нь сэвэгдээд нугараад хугараад байдаг, нисдэг тэргээр дүүлсэн нь тэнгэрийн юм болоод байдаг.... Амаргүй, амаргүй...”Орлогоо нотлохгүй байх амархан, орлогоо нотлох ч амархан” л юм байна шүү дээ.

1-рт, Бэр бол тавиул. Мата Хари тагнуул эмэгтэйгээс сэдэвлэж шургуулсан монгол дүр. Бэлэг сэлт, бэлэн мөнгөний баримтыг хүртэл задлах зорилготой туршуул.

2-рт, Үнэтэй брэнд үнэндээ сонин биш. Самраач эмээгийн хоёр чихэнд ч 20 саяын ээмэг чинь уртдаж унжаад, санжганаж салгалаад байж л байдаг эд ш дээ. Дагз, Дух, Эрүү, Шанаа хэн байдгийн. Тэд нарт цүнх цүнхээр нь өгнө. Тэгэхээр үнэтэй брэнд бол Өгөөмөр бэрийн ч гангараа биш, өөр олон хүний эд хэрэглэл мөн.

3-рт, үнэтэй цүнх биш үнэндээ И копи байж болно. Нарантуулын цүнх Нараагаас 100-гаар авсан байж болно, Хархорин захын хар Хандаагаас 50-иар авсан ч байж болно. Мөнгөнзавъяагийн ээмэг Мөнгөөгөөс 20 мянгаар авсан ч байж болно. Аан, мэдээж 20 саяын баримт бол фотошоп.

4-рт, койноор их мөнгө олсон ч байж болно. УИХ-ын гишүүн худлаа хэлэхгүй. Койноор мөнгө олсныг нь судлаад мэдсэн байж болно. Сугалаанд ёндоорсон ч байж болно.

5-рт, Авлигатай тэмцэнэ гэдэг бол Ардын намтай ч , ар гэртэйгээ ч тэмцэнэ гэсэн үг. 5Ш нь юу билээ. Шунал, шоу, шир, шог, шимэгч ажиллагаа бил үү? Үгүй ээ. Өгөөмөр шүгэл үлээсэн. Өгөдэй шүүрдсэн. Бид нар шил ажиллагаа явуулж байна. Шувуугаар хүү ирнэ. Бэлэг сэлт, бэлэн мөнгө, бенз машиныг шилжүүлэн авч болно оо.

Орлогоо нотлох амархан. Орлогоо нотлохгүй байх ч амархан.

Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02