Онцлох дуулианы ард нуугдсан олиггүй явдал цөөнгүй байна. Шок шуугианы цаана далдарсан шог асуудал ч багагүй байна.
Хүрээ амаржих газарт 170 саяар авсан угаалгын төхөөрөмж, ул индүү нь шинэ байшиндаа багтаж орохгүй байна. Угаалгын машин, ул индүү нь В1 давхартаа байрлах ёстой ч томдоод байгаа тул шинэхэн барилгаа сунгаж болдоггүй. Ул индүү, угаалгын машиндаа тааруулж, хуучин барилгаа тааруулж тохируулах гэж ундуй сундуй юм болж улны бидний төлдөг татвар, улсын мөнгө, Улаанбаатар хотын хөрөнгө уйлах багадаж байгаа юм байна. Хүрээ амаржих газрын орлогч дарга Алтантуяа барилгадаа индүүгээ тохируулах биш индүүндээ барилгаа тааруулах гажиг сонин захиалгын ганц эзэн нь гэж эмч, ажилчид гэрчилж байна.
Амаржих газрыг иж бүрэн тоноглоорой гэж Улаанбаатар хотын иргэд 6,5 тэрбумыг гаргасан нь учиргүй том ул индүү зэргээс болж утгаа алдаад байна. Жоомоо алах гээд байшингаа шатаахгүйн тулд индүүгээ багтаах гээд барилгаа өөрчлөхөд хүрэх үү?
Улны индүүг амаржих газрын барилгад багтаан оруулах асуудлыг судлан шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулах, их өгөгдөл дээр суурилсан шинжлэх ухаанч хувилбарууд боловсруулах, холбогдох төсөв хөрөнгийг шийдүүлэх, “Индүүгээ яах вэ?” форум, зөвлөгөөн зохион байгуулах, хөндлөнгийн дүгнэлт гаргуулах, зөвлөх үйлчилгээ авах, сошиал контентын уралдаан зарлах зэрэг олон арга зам байна.
Хүрээ амаржих газрын жолооч нарыг нь хүртэл хүрээ, хүрээллээрээ ялгаатай, араас, өврөөс төрсөн гэдэг шиг алаг үздэг юм байна. Даргын жолооч цагаа бүртгүүлэхгүй байх дархан эрхтэй. Иргэддээ үйлчилдэг жолооч заавал бүртгүүлэх ажил үүрэгтэй юм байна. Үүнийг нь хэлсэн хүн үр дүнгийн урамшууллаа хасуулж үйл тамаа эдэлдэг юм байна.