Фото зургийг | О.МӨНХБАТ
Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв аймаг болон нийслэлийн 3 дүүргийн нутаг дэвсгэрийг хөндлөн гулд туулж, өдгөө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас Чингис хотыг чиглэн гүйж яваа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч спортын мастер дэд ахлагч Б.Буянхишиг нараас түүхэн үйл явдлын тухай баяртай мэдээ ирлээ.
46 дахь өдрийн гүйлтээрээ тэд 2222 км замыг туулж, Чингис хот ороход 58 км дутуу, хээр хоноглож буйг “Таван цэг” багийн эмч дэслэгч Б.Золбоо бидэнд ирүүлсэн мэдээлэлдээ дурдлаа. Түүхэн үйл явдал гэж онцолсны учир нь дэд ахлагч Б.Буянхишиг эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх 2222 км замыг 46 хоногт туулсан амжилтаар маргаашаас гүйлтээ зогсоож байна.
Тэрээр Монгол Улсын хэт холын зайн түүхэнд шинэчилж тогтооход амаргүй шинэ рекордыг энэхүү гүйлтээрээ тамгалан үлдээж чадсанаараа яах аргагүй онцгой нэгэн боллоо. 2021 онд хил хамгаалах байгууллагын алба хаагч бүсгүй 1047 км замыг 48 хоногт туулснаар монгол эмэгтэйчүүдийн түүхэн рекордыг анхлан бичсэн бол дэд ахлагч Б.Буянхишиг үүнийг 2 дахин нугалж 46 хоногт 2222 км болгон нэмэгдүүлж чаджээ. Тэр бүү хэл, 2021 онд ахлах ахлагч Э.Даваажамц 2127 км замыг 46 хоногт туулж байсантай дүйх амжилтыг дэд ахлагч бүсгүй ийнхүү тогтоож, гайхамшигтай амжилтыг үзүүллээ.
Түүнтэй утсаар холбогдож сэтгэгдлийг хуваалцахад “Үнэхээр сайхан байна. Түүхэн рекордыг тогтоож чадсандаа баяртай байна. Цастай, бороотой, шуургатай, нартай бүх цаг үед эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх чулуу бүрийг хөлөөрөө мэдэрч, салхи бүрийг нь амьсгалж гүйснээрээ бахархаж байна. Өдий зэрэгтэй гүйж, энэхүү амжилтыг үзүүлэхэд ахлах ахлагч Э.Даваажамц ахын нөмөр нөөлөг, тусламж дэмжлэг хязгааргүй их. Үнэхээр баярлалаа гэж хэлэх ч багадна. Сэтгэл санааг минь өргөж, инээлгэж, зоригжуулж, заримдаа эвийлж, ёстой нэг аав, ахын уул шиг нөмрийг үзүүлж хамтдаа гүйсэн нь 2222 км зам туулахад гол түшиц боллоо. “Таван цэг” багийнхандаа ч ялгаагүй. Гүйхээс бусдыг минь тэд л нугалж, энэ урт холын замыг хамтдаа тууллаа. Хайртай аав, ээж, хань, хүүдээ баярлалаа. Гүйх шийдвэрийг минь хүлээн зөвшөөрч, бүх төрлийн тусламж дэмжлэг үзүүлсэн БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, ТХЦК, ХХЕГ, Зэвсэгт хүчний 234 дүгээр анги болон бусад нэгтгэл, ангиуд, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий аймаг болон нийслэлийн Налайх, Багануур дүүргийн Засаг дарга, Цэргийн штаб, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бүрэлдэхүүн, ард иргэд, малчид, тээвэрчдэдээ үнэхээр их баярлалаа. Монгол Улсын хэт холын зайн түүхэнд хил хамгаалах байгууллагын алба хаагч ахлах ахлагч Т.Рэнцэнбадам эгчтэй хамт түүхэн рекордыг бичсэндээ баярлаж байна. Бидний энэхүү амжилтыг монгол бүсгүйчүүд маань эвдэж, шинэчилнэ гэдэгт нь эргэлзэхгүй итгэж байна. "Гүйлт бол гайхамшиг” гэсэн мэдээллийг өглөө.
Дэд ахлагч Б.Буянхишигийн хувьд гүйлтээ зогсоож байгаа ч төв суурин газруудад орж гарахдаа ахлах ахлагч Э.Даваажамцтай хамтдаа гүйж, “Таван цэг” багийнхнаа 5000 км зам туулж дуусгах хүртэл цугтаа явна. Тэрээр 46 хоногийн туршид тасралтгүй гүйчихсэн учраас цаашдаа өдөрт 5-10 хүртэлх км замд гүйж, биеийнхээ дасан зохицсон байдлыг нийцүүлэхээр төлөвлөжээ.
Ахмад Д.БОЛОР

