Монгол Улс, БНСУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагаа болон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны Гурван талт түншлэлийн хөтөлбөр (U.N. Triangular Partnership Program)-ийн хүрээнд БНСУ-ын Хуурай замын цэргийн инженерийн 1115 дугаар ангийн байрлалд энэхүү олон улсын сургалт дадлагад манай инженерийн цэргийн алба хаагчид амжилттай оролцлоо.
БНСУ-ын санаачилгаар тус улсад анх удаа зохион байгуулагдсан тус сургалт, дадлага 6 долоо хоногийн турш үргэлжлэн явагдсан бөгөөд Монгол Улс, БНСУ-аас гадна Камбож, Тайланд, Индонез, Филиппин зэрэг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй цэрэг илгээгч 5 орны цэргийн алба хаагчид оролцсон юм.
Энэ үеэр энхийг сахиулах ажиллагааны газар оронд өргөн хэрэглэгдэж буй хүнд даацын экскаватор, бульдозер, ачигч, грейдер, замын индүү зэрэг 5 төрлийн инженерийн тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа, засвар үйлчилгээний талаар суралцаж, харилцан туршлага солилцсон нь практик ач холбогдолтой сургалт болсон байна. .
Сургалт, дадлагын хаалтын ажиллагаанд БНСУ-ын Хуурай замын цэргийн штабын Инженерийн цэргийн дарга, бригадын генерал Ким Тэ Ху, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн, Зүүн Хойд Азийн салбар төвийн захирал Б.Ганболд, Үндэсний Батлан хамгаалах яамны Олон улсын бодлогын газрын дарга Ли Сын Бом, Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны цэргийн атташе, хурандаа Э.Түшиг нар оролцлоо.
БНСУ-ын Хуурай замын цэргийн Штабын Инженерийн цэргийн дарга, бригадын генерал Ким Тэ Ху Монгол Улс, БНСУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөн хүрээнд амжилттай хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлээд 2024 онд өөрийн биеэр тэргүүлэн оролцож байсан хоёр орны Хуурай замын цэргийн хүчин хоорондын анхны зөвлөлдөх уулзалтын үр дүн гарч буйд сэтгэгдэл өндөр байгаа илэрхийлсэн юм.
НҮБ-ын Гурван талт хамтын ажиллагааны хөтөлбөр нь энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй олон улсын цэргийн багуудын гүйцэтгэлийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ болон санхүүжүүлэгч, цэрэг илгээгч орнуудын хамтран цэргийн инженерийн тоног төхөөрөмжтэй холбоотой хамтарсан сургалт, дадлага явуулдаг хөтөлбөр юм.