Монголын үндэсний бөхийн холбооноос 2025 оны хоёрдугаар сард сошиал медиа хуудсууд болон сайтуудын дунд 2025-2026 онд Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулах үндэсний бөхийн барилдаануудыг шууд дамжуулах сонгон шалгаруулалтыг зарласан. Тухайн шалгаруулалтад Зөгий.мн сайт ганцаараа нэрээ өгч шалгарсан. Үндэсний бөхийн холбооноос тавигдах шаардлага, хийх ёстой ажлыг тухайн шалгаруулалтдаа нарийн заасан байдаг.
Харин 2025 оны есдүгээр сард энэхүү шалгаруулалтаа өргөн нэвтрүүлгийн телевиз, кабелийн сувгуудын дунд зарлаж тухайн эрхийг 750 сая төгрөгөөр NTV телевиз авсан байна.
Ингээд 2025 оны хоёрдугаар сараас хойш Зөгий.мн сайт МҮБХ-ноос тавьсан шаардлагад нийцүүлэн тоног төхөөрөмжөө бэлтгэж хэд хэдэн удаагийн уулзалтыг хийж шууд дамжуулах бүх нөхцөлийн хангасан.
Мөн МҮБХ-ны зөвшөөрлийн дагуу 2025 оны тавдугаар сарын 18-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болсон аймаг цэргийн цолтой залуу 256 бөхийн барилдааныг шууд дамжуулан анхны шууд эфирээ цацсан. Гэвч шууд дамжуулалтын дундуур NTV телевиз Монголын үндэсний бөхийн холбоонд нөлөөлж Зөгий.мн сайтын шууд эфирийг таслан улмаар цацсан нэвтрүүлгийг устгахыг шаардсан. Энэ тухай Үндэсний бөхийн холбооны удирдлагуудад мэдэгдсэн боловч ямар ч хариу арга хэмжээ авсангүй.
NTV телевиз өргөн нэвтрүүлгийн эрхийг авсан ч сошиал хуудсаараа Монгол бөхийн өргөөнд болж буй барилдаануудыг шууд дамжуулах эрхгүй бөгөөд шалгаруулалтад нэрээ өгч сонгогдсон Зөгий.мн сайтыг шууд дамжуулах явцыг тасалдуулав.
Үүнд хэн, ямар хариуцлага хүлээх ёстойг тус сонгон шалгаруулалтад заагаагүй, мөн 2025 оны хоёрдугаар сард шалгаруулалт зарласан постоо Монголын үндэсний бөхийн холбоо сошиал хаягаасаа устгасан, үүнд нь NTV телевиз нөлөөлсөн гэх мэт олон зөрчлийг гаргаад байна.
Иймд Зөгий.мн сайтын зүгээс хэт нэг талыг барьсан шийдвэрээ цуцлан, сонгон шалгаруулалтад заасан үүргээ биелүүлэхийг Монголын үндэсний бөхийн холбоноос шаардаж байна. 

