Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар Орхон аймагт ажиллалаа. Энэ үеэр тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төвийг албан ёсоор нээж, Хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, хүртээмжтэй мэдээлэх, иргэд өөрсдийн сонгосон хууль тогтоогчтойгоо олон талт сувгаар холбогдох нөхцөлийг сайжруулж, дэвшилтэт арга, хэрэгсэл ашиглах зэрэг заалтуудыг тусгасан. Энэ хүрээнд иргэд, парламент хооронд мэдээллийн гүүр болж, үр дүнтэй эргэх холбоог бэхжүүлэх зорилгоор 21 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төвийг үе шаттайгаар нээж, үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байна.
Тодруулбал, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгээр 2023 оноос эхлэн Өвөрхангай, Баянхонгор, Дархан-Уул, Говьсүмбэр, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төвүүдийг байгуулсан бол өнгөрсөн онд Орхон аймагт нээсэн уг төвийн үйл ажиллагааг ийнхүү албажуулж, хамтран ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж буй нь энэ юм. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Орхон аймаг дахь Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Монгол Улсын иргэд Үндсэн хуульд заасны дагуу төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхтэй бөгөөд шууд оролцооны олон хэлбэрүүдийн нэг нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулж буй энэхүү Хууль тогтоомж сурталчлах төв гэдгийг тодотгов. Өөрөөр хэлбэл төвийн үйл ажиллагаа нь боловсруулж буй болон өргөн баригдсан хуулийн төслүүдэд иргэд саналаа өгөх, нийтийн санал асуулга, хэлэлцүүлэгт оролцох, тухайлсан асуудлаар өргөдөл, хүсэлт илгээх зэрэг ард түмний засаглах эрхийг олон талт хэлбэрээр хангахад чиглэж буйг дурдлаа.
Түүнчлэн парламентаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулах, бодит хэрэгжилтэд тэдний санал, санаачилгыг тусгахаас гадна УИХ-ын хянан, шалгах үйл ажиллагааг өргөжүүлж, дэмжлэг үзүүлэхэд орон нутаг дахь Хууль тогтоомж сурталчлах төвүүд онцлох хувь нэмэртэйг хэллээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат, төвийн үйл ажиллагааг хүртээмжтэй, бүтээлч байдлаар хэвшүүлж, аймгийн ИТХ-аас гарсан тогтоол, шийдвэрийг сурталчлан таниулах, улмаар иргэдэд хууль эрх зүйн боловсрол олгох, бодит мэдээлэлд суурилсан тэгш оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Цаашид төвийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангахад талуудын хүлээх эрх, үүргийг тодорхойлж, хамтран ажиллахаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат нар Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурцгаасан юм. Парламентын засаглалтай улс орнуудын дэвшилтэт практикаас харахад энэ чиглэлийн мэдээллийн төвийг хүртээмжтэй хэлбэрээр ажиллуулж, иргэд өөрийн сонгосон хууль тогтоогчтойгоо холбогдох, санал хүсэлтээ уламжлах, бодлого, шийдвэрт дуу хоолойгоо тусгах боломжийг бүрдүүлснээр Улсын Их Хурлын анхдагч нэгж болж, үйл ажиллагаа нь өргөжин тэлдэг жишиг бий хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.