Бүтээлч сэтгэлгээтэй, өөрийн гэсэн брэндтэй болохыг хүсдэг, техник технологийн мэдрэмжтэй хэн бүхнийг “Динза”, “Цондоолой Цүндээлэй хоёр” комикс номын мерч бүтээх уралдаанд урьж байна. Магадгүй та аль хэдийн өөрийн гэсэн мерчээ бүтээсэн олон нийтэд таниулах аргаа олохгүй яваа юм биш биз. Түүнийг тань Ирмүүн агентлагийн хамт олон өөрсдийн нэрийн бүтээл дээр гаргах боломжийг олгож байна.

“Динза”, “Цондоолой Цүндээлэй хоёр” комикс ном болон бусад бүтээгдэхүүн дээр таны мерч байрлах болно. Анги хамт олноороо, найзуудаараа, гэр бүлээрээ, магадгүй танилын группээрээ ч энэ уралдаанд оролцох боломжтой. Насны хязгаар, хүний тоо заахгүй. Хэрэв таны бүтээл “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ-ын хүмүүнлэгийн сайн үйлс хүүхэд, залууст шагнал урамшуулалд сонгогдож, мерч бүтээгчдэд үнийн дүнгээс 0.7 хувийг тооцон бонус олгоно. Мөн тухайн бүтээгдэхүүний борлуулалтын нийт орлогын 2.1 хувийг тогтмол олгох юм. Судалгаа, туршилтаас харахад мерч бүтээгч 7-140 сая хүртэлх төгрөгийн мөнгөн урамшуулал авах тооцоолол гараад байна.
Энэ талаар Ирмүүн агентлагийн үүсгэн байгуулагч, “Динза”, “Цондоолой Цүндээлэй хоёр” комикс номын зохиолч А.Дэлгэржаргал ярихдаа “Динза, Цондоолой Цүндээлэй хоёр ном хэлбэрээрээ гараад 20 жилийн нүүрийг үзэж байна. Үндсэн уншигч гэхээр бараг гурван үеийнхэн уншсан. Тэдний ард анги хамт олон, аав ээж, өвөө эмээ гээд хүрээлэл байгаа. Бидний гол зорилго номыг дагаад баатрууд дээрээ үндэслэн олон улсын түвшинд явагддаг дараагийн мерч бүтээгдэхүүнээ туршаад байна. Бид 10 жилийн өмнөөс энэхүү туршилтаа эхлүүлсэн. Амжилттай байдаг. Өнгөрсөн жилээс бид поп-ап шоп буюу туршилтын дэлгүүрүүдийг гаргаж цөөхөн бараатай туршиж үзэхэд маш амжилттай байгаа.
“Динза”, “Цондоолой Цүндээлэй хоёр” ном эргээд уншигчаа яаж дэмжих вэ гэдэг бодлого барьж байгаа. Боловсрол мэдлэг ухаан, тэр хүүхдийг хөгжих бүх үйл явцад тусална гэсэн зорилго тавьсан. Номоо сайн уншдаг, номд дуртай уншигчдаа дэмжихээр хийж байна. борлуулалтын орлогын 2.1 хувь, шагналын урамшууллын 0.7 хувь гэдэг нь олон улсын мерчиндайс хөтөлбөрүүдээр хийгдээд баталгааж сан хувь. Үүний тооцооллыг хийхэд багагүй мөнгөн дүн гарсан” гэлээ.
Бүтээлч мерч хөтөлбөрийн ялагчийн бүтээгдэхүүн хичээлийн хэрэгсэл, “Динза”, “Цондоолой Цүндээлэй хоёр” комикс ном, бэлэн хувцас, кет пүүз, зөөлөн тоглоом, фигурууд, тэмдэглэлий дэвтэр, утасны кейс, хоолны сав, усны саван дээр хүртэл хэвлэгдэх боломжтой. Шалгаруулалтын 50 хувийг шүүгчдийн саналаар 50 хувийг сошиал дэмжлэгээр шалгаруулах болжээ.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд оролцож байгаа Ариунаа сури брэндийн үүсгэн байгуулагч , загвар зохион бүтээгч С.Ариунаа ярихдаа “Динза”, Цондоолой Цүндээлэй хоёр комикс ном манай монголын урдаа барих комикс ном. Тэгэхээр үүнийгээ олон гоё бүтээгдэхүүн болгоод, уул уурхайн бус оюуны хөрөнгө оруулалтаар олон улсад гарах боломжтой гэж харж байгаа. Мэдээж мерч бүтээгдэхүүнийг шалгаруулахдаа шинэ соргог өнгөлөг, хүүхэд хэрэглэхэд тав тухтай шинэлэг санаануудыг нь хамгийн түрүүнд харна. Тиймээс уралдаанд оролцох бүх бүтээлчдэдээ амжилт хүсье” гэлээ.
Уралдаан оны тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 15-ныг хүртэл бүтээлээ хүлээн авна. Шалгаруулалт 2025 оны зургадугаар сарын 19-нд болно.
Орчин үеийн хүүхдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, биед таатай, гоо зүйн мэдрэмжтэй, уран сэтгэмж, үндэсний онцлогийг шингээсэн шинэлэг бүтээлээ дижитал, зурмал ямар ч хэлбэрээр илгээж болно. Олон нийтэд хүргэх, зах зээлд амжилт олох, бүтээлч маркетингийг “Ирмүүн агентлаг” болон “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ бүрэн хариуцна.
Мөн Ирмүүн агентлагийн хамт олон "Мэдлэг бэлэглэе", "Номын сайн найзууд", "Хүүхэд хөгжил төлөвшлийн дм" зэрэг олон олон хөтөлбөр хэрэгжүүлж, уншигчдаа дэмжсээр байгаа юм.

