АТГ-ын олон нийт хэвлэл мэдээллийн албанаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгээс тайлбар мэдүүлэг авсан талаар тодрууллаа.
АТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан комиссар Б.Билэгт: 2025 оны тавдугаар сарын 13-ны өдөр нэр бүхий иргэдээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хамаарал бүхий хүмүүсийн талаарх гомдол мэдээллийг АТГ-т гаргасан. АТГ тавдугаар сарын 14-ний өдөр гомдлыг аваад хяналт шалгалтыг явуулж байна. Хяналт шалгалтын явцад гомдолд нэр дурдагдсан этгээдүүдээс тайлбар авах, бусад баримтыг гаргуулж авах ажлуудыг хийгээд явж байна. АТГ хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгахдаа зөвхөн тэдгээр этгээдүүдээс гаргаж өгсөн баримт дээр үндэслэхгүй. Санхүүгийн байгууллага болон бусад төрийн эрх бүхий байгууллагуудаас авсан мэдээлэл лавлагаа баримт сэлт дээр үндэслэн дүгнэлт гарна. Хуулиар шалгах хугацаа нь 30 хоног байдаг. Шаардлагатай бол дахин 30 хоног сунгах хууль зүйн үндэслэлтэй. Мөн Авлигын эсрэг хуулийн 13.4-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын тэргүүн буюу УИХ-ын гишүүн гэдгээр нь ХОМ дээр хяналт шалгалтыг хийж эхэлсэн.