Улаанбурхан өвчний тархалт эрс нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын төвөөс мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрөөр тус өвчнөөр нас барсан тохиолдол нэгээр нэмэгдэж, нийт хоёр тохиолдол болжээ. Уг асуудлаар ХӨСҮТ-өөс тодрууллаа.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа: Хамгийн сүүлд өнгөрсөн баасан гараг буюу 2025 оны тавдугаар сарын 23-ны өдрийн ХӨСҮТ-ийн мэдээллийн цагаар цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлсэн. Тус мэдээлэлд дурдагдсан биеийн байдал хүнд ХӨСҮТ-ийн эрчим эмчилгээний тасагт эмчлүүлж байсан хүүхэд амь эрсэдсэн харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. ХӨСҮТ уг өвчний талаар өдөр бүр мэдээлэл гарган сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдлыг мэдээлж байгаа. Энэ өвчнөөс сэргийлэх хамгийн чухал зүйл нь дархлаажуулалт. Эрсдэх, өвчний тархалт хүнд тусах эмзэг бүлэг нь дархлаажуулалтад хамрагдах насанд хүрээгүй бага насны хүүхдүүд. Иймд эцэг эхчүүд, асран хамгаалагч нар хүүхдүүдээ энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд товлолт вакцинд хамрагдах, хамрагдаагүй тохиолдолд нөхөн хамрагдах зайлшгүй шаардлагатай.
Сургууль цэцэрлэг амрах дөхсөнтэй холбоотойгоор хүүхдүүд зуслан явах магадлал ихтэй. Иймд Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд вакцинд хамрагдаагүй хүүхдийг авахгүй байх, вакцинаа хийлгээд 14 хоногийн дараа зусландаа амраахыг зөвлөж байна. Энэхүү зөвлөмжүүдээ ч холбогдох газруудад хүргүүлж байгаа. Удахгүй Хүүхдийн баяр тохионо. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдээ аль болох олон нийтийн газраар авч явахгүй байх, явах тохиолдолд вакцинд хамрагдсан байхыг анхааруулж байна.