Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д гал гарч байна гэсэн дуудлага зургаадугаар сарын 02-ны өдрийн 00:25 Онцгой байдлын газарт ирж, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тус хэлтсийн 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар анги, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн алба хаагчид ажиллаж 50х230 метрийн хэмжээтэй өндөр даралтын цехийн 9 дүгээр турбины генератор, зүүн урд хана, дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан. Осолд нэг инженер амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тухайн асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
2025 оны 6 дугаар сарын 2-3 нд шилжих шөнө ДЦС-3 -ын Өндөр даралтын хэсэгт гарсан ослын улмаас 1200-1500 тн орчим халуун ус буюу 100 г/кал дулааны ачаалал, 50 МВт цахилгааны ачаалал доголдож, ХУД-ийн Мишээл, Зайсан, Оргил, Удирдлагын Академи, Хүннү, Жапан таун, 120 мянгат, 19-р хороолол, Их тэнгэр, Маршал, Баруун 4 замаас Чингис зочид буудал хотын төв орчмын хэрэглэгчдийн дулааны ачаалал 15 хувиар буурахаар болж байна. Шинэ Засгийн Газар яаралтай арга хэмжээ авахгүй бол дээр дурдсан байршлууд ирэх өвөл хөлдөх бодит эрсдэл үүснэ. Нийслэлээс өнгөрсөн жил эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 200 MBт цахилгаан үйлдвэрлэл нэмэгдүүлж 2024-2025 оны өвлийг давсан. Харамсалтай энэ ослоор эрдэнэт хүний амь эрсдэж улсад ихээхэн хохирол учирлаа. Улаанбаатарчууд ирэх өвлийг дулаан давахад Засгийн газар уг асуудлыг нэг өдөр ч алдалгүй анхаарна гэдэгт итгэлтэй байна" хэмээн цахим хуудастаа мэдээллээ.