Dark Light
Нийгэм | 2025-06-06

“EMPATHY EDUCATION” ХӨТӨЛБӨРТ 3000 СУРАГЧ ХАМРАГДАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэдхэн хоногийн өмнө “Зуны зугаа-113” нэртэй шоу тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд дуулиан, шуугиантай боллоо. Өсвөр насны залуус хэдэн мянгаараа тэнд цуглаж. Хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийв. Нүцгэн шахуу охид үсдэлцэж, бүлэглэн биеэ толгой, нүүр, элэг түрийгүй өшигчин, халамцаж, сэтгэл хөдлөлөө удирдах ухаан төлөвшөөгүй, цөс нь хөөрч, цус нь буцалсан хөвгүүд амаараа дүүрэн хараал урсгаж, биеэ хэргээр өдөн зодолдож, хутга мэсээр үеийнхнээ гэмтээв.

Залуус олны газар нэрээ хичээх нь бүү хэл явдлаа хянах хүмүүжил, ухамсаргүй болсоор байгаагийн зөвхөн ганцхан жишээ “Зуны зугаа-113” шоуны үеэр гарсан танхайрал харуулж байна. Тус шоу тоглолтын үеэр цагдаагийнхан 35 удаагийн дуудлагаар Төв цэнгэлдэх хүрээлэнд ажилласан бөгөөд 22 дуудлага нь эрүүгийн хэргийн ангилалд хамаарч. Тоглолтын үеэр 10 хутга, зодооны 2 хэрэгсэл хураан авсан байна. Энэ бол аюул. Айж эмээх хүмүүжилгүй, хэн нэгнийг хохироож байгаадаа гэмшдэггүй бүтэн үе өсөж өндийж байна.

Залууст хүн байхын утгыг таниулсан, сургалт, сэтгэл заслын олон талт ажил хийх хэрэгцээ бий болжээ. Хүүхэд нэг бүрийн ухамсарт сэтгэхүйтэй нь харилцах цаг иржээ. Өсөж хөгжиж, хүний нийгмийн харилцаанд шилжин орж ирж байгаа залуусынхаа сэтгэл зүй, харилцааны хандлага, хэрэгцээг ойлгох, засах цаг одоо л юм байна. Үүний тулд эцэг эх төдийгүй төр улс, хүүхдийн төлөө ажилладаг гэх байгууллагууд “Малчны 10 бодлого” хөтөлбөрийг анхаараасай.

Хэрэгжихэд нь өөр өөрсдийн хүчээ дайчилж, зөв Монгол хүүхдийн төлөө хамтарч ажиллаасай. НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр, “Монгол адууны диваажин” ТББ-аас санаачлан Монгол хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор өсвөрийн 8-14 насны хүүхдүүдэд өрөвч зөөлөн, нинж сэтгэл суулгах, сэтгэл заслын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү сургалтыг эхлүүлэх болсон үндэслэл нь, ядарсанд задардаг хүүхэд олшрох вий, бидний үр хүүхэд гэмт хэрэг, нийгмийн болохгүй, бүтэхгүй рүү хөл алдах вий, уруу татагдаж, өөрийгөө удирдах сэтгэл зүйн дархлаагүй хүмүүжих вий, үе тэнгийн дээрхлэл өдүүлдэг, зэрлэг балмад этгээд болж төлөвших вий гэх айдасгүй ирээдүйн төлөө юм.

Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд л хүүхэд оролцсон гэмт хэргийн тоо тогтмол өсөж байгааг 2024 онд хүүхэд холбогдсон гэмт хэргийн тоон мэдээнээс харж болно. Тодруулбал, 1373 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 1343 хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртжээ.

"Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол" олгох шаардлага дээрх тоон үзүүлэлтээс, хүүхэд залуусын өнөөгийн хандлага харилцааны гажуудлаас шууд харагдаж байна. 2000-аад оноос Норвеги, Швед, Дани зэрэг улс боловсролын системдээ “empathy education” буюу өрөвч зөөлөн нинж сэтгэлийг төлөвшүүлэх боловсролын арга зүйг нэвтрүүлснээр үе тэнгийн дээрэлхэлт, насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэгт оролцсон байдал илт буурчээ.

НИТХ бодлого, алсын харааг нь дэмжиж байгаа, амьтныг хайрлах хүүхдийн сэтгэл зүйгээр дамжуулан өрөвч нинжин сэтгэлийн боловсрол олгох тус хөтөлбөрт Нийслэлийн Ерөнхий боловсролын 32 сургуулийн 3000 хүүхэд хамрагдаж байна.

Хөтөлбөрт хамрагдсан сурагчид Улаанбаатар хотоос 50 км-ийн зайд орших мал бүхий 20 айлд долоо хоног бүрийн бямба гарагийг сонгон Монгол ахуйтайгаа танилцаж, монгол хүүхдийн мэдвэл зохих ахуйд амьдарч, бие дааж байгаа юм.

Ингэхдээ 30 хүүхдийг зургаан хүн хариуцах бөгөөд Дотоод хэргийн их сургуулийн Магадлан шинжлэлийн сургуулийн шинжээчийн ангийн 60 оюутан, АУИС-ийн 50 эмч оюутан, Монголын сурагчдын холбооны 20 сургагч багш зэрэг сайн дурынхны тусламжтайгаар хөтөлбөр амжилттай хэрэгжээд эхэлсэн.

Хүүхдийн сайн сайхны төлөө цохилох зүрхтэй, за гэж хэлж чаддаг эцэх эх, төр дэх аав ээжүүд зөв Монгол хүүхдийг бэлтгэх өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох үйл хэрэгт гар бие оролцоосой. Зөв Монгол хүнийг бэлтгэхийн суурь нь зөв хүүхэд. Зөв хүүхдийг гэр бүлийн боловсрол, гэрийн хүмүүжлээс ангид ойлгох боломжгүй юм.

Эх сурвалж | НИТХ-ХМОНХА
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00