Жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-нд Бурхан багшийн их дүйчин өдөр тохиодог. Энэ өдөр монголчууд нийтээр амарч, нийтээрээ буяны зүг шамдаж, нэг өдөр бусдыг энэрч хайрлахад уриалж тэмдэглэн өнгөрүүлдэг. Дүйчин өдрийн арга хэмжээний талаар Монгол бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийлээ.
Тэргүүн их хамба ламын ажлын албаны дарга, гавж Д.Нямсамбуу: 2025 оны Бурхан багшийн их дүйчин өдөр зургадугаар сарын 11-ний өдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэх олон баяр байдаг. Тэр дундаас Бурхан багшийн их дүйчин өдрийг товч томьёолоод хэлэхэд ёс суртахууны баяр юмаа. Дийлэнх монголчуудын зөв сайн үнэнд итгэх би шударга үнэнч байх ёстой гэсэн итгэлээ улам нэмэх, бие биедээ итгэл өгөх өдөр юм. Энэ жилийн дүйчин өдрийг өргөн хүрээтэй тэмдэглэхээр ярилцаж байна. Тухайн өдөр Гандантэгчэнлин хийдэд өглөөнөөс эхлээд арга хэмжээ үргэлжилнэ. 15:00 цагаас Төв талбайд бурхан шашны арга хэмжээ мөн болохоор төлөвлөөд байна. Тэр өдөр амьтны амийг тэвчиж ногоон цагаан хоол идэхийг хичээх хэрэгтэй. төв талбайд ногоон хоолны асрууд байрлана. Бясалгалын утга учрыг тайлах, бясалгалын үр нөлөө зэргийг сүсэгтэн олонд таниулах гэх мэт олон арга хэмжээ болно. 20:00 цагт Төв талбайн асруудын арга хэмжээ дуусна. Энэ жилийн дүйчин өдрийн жагсаалыг орой хийнэ. 21:00 цагт жагсаал эхлэхээр болсон. Бид анх удаа Гэрэлт жагсаалыг хийж үзэхээр зорьж байна. Гэртээ байгаа гэрэлт зулыг оролцох сүсэгтэн олон барьж ирээд жагсаалд оролцож болно. 21:00 цагаас Гэрэлт жагсаал Төв талбайгаас хөдлөөд Улсын их дэлгүүрийн урд талбайд очиж, маани хөгжөөнө. Түүнээс цаашаа Төв гандандаа жагсаал хүрээд тухайн өдрийн арга хэмжээ өндөрлөнө.