Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тэмцээн эхэллээ. Тэмцээний нээлтэд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ-ны СБТГ-ын дарга бригадын генерал Ч.Гандирваа, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт нарын БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын удирдлагууд, 17 аймгийн Засаг дарга, 21 аймаг, 9 дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, “Дөл-2025”-д оролцож буй 400 гаруй сурагчдын гэр бүл, эрдэмтэн багш нарын төлөөлөл оролцлоо.
Нээлтийн арга хэмжээний өмнө ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямбыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авч, үргэлжлүүлэн “Дөл-2025” цогцолбор тэмцээнд оролцогчдод баяр хүргэж үг хэлэв. Хошууч генерал С.Ганбямба сурагчдад хандаж хэлсэн үгийнхээ эхэнд цэрэг-спортын “Дөл” цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг түгээн сурталчлах, бие бялдар, сэтгэл зүйн төлөвшлийг бий болгоход ямар чухал ач холбогдолтой болохыг дурдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа нь түүний цар хүрээ, нэр хүндийг илтгэн харуулж байгааг ч онцлон тэмдэглэв.
Мөн тэрээр “Дөл”-д оролцохоор аймаг орон нутаг, нийслэлээс шалгаран ирж, жигдрэн жагссан сурагчдаас цэргийн алба хаагчдаас дутуугүй цэрэгжилт, ёсолгоо, цог жавхааг олж харж буйдаа талархаж байна гэв. Төгсгөлд нь тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, сурагчдыг өндөр хэмжээнд бэлтгэн оролцуулж буй аймаг, нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга, Цэргийн штабынханд талархал дэвшүүллээ.
Дэд түрүүч цолоор гоёсон нэгэн хүндтэй эрхэм сурагчдад амжилт ерөөсөн нь 2022 оны “Дөл”-ийн аварга болсон Сонгинохайрхан дүүргийн “Цасны барс” тасгийн гишүүн А.Бархасбадь байв. Тэрээр “Дөл”-өөс авсан хүмүүжил, ур зориг, хүсэл мөрөөдлөөрөө Зэвсэгт хүчний 013 дугаар ангид хугацаат цэргийн албаа хааж, дэд түрүүч цол хүртжээ. “Гурван жилийн өмнө уралдаандаа оролцох гээд яг л та нар шиг догдлоод зогсож байсан минь намайг цэргийн албыг эргэлт буцалтгүй сонгох хүслийн жигүүр болсон. Миний энэ замнал мөрөөр та нарын цөөнгүй хэсгийг нь явна гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл “Дөл” бидэнд эх орноо хайрлах үзэл, цэрэг-эх оронч үзлээр цэнэглэж өгдөг буянтай тэмцээн гэж хэлнэ” хэмээгээд дүү нартаа ялсан, эс ялснаас үл хамааран шалгаран оролцож байгаа нь өөрөө хамгийн том амжилт байдгийг дурдаж, “Монгол Улсын төлөө” зүтгэе хэмээн ёслов. Хүндэт зочид ч эрхэм дэд түрүүчид баяр хүргэж, алга ташилтаар талархал дэвшүүллээ.
“Дөл”-ийнхөнд ЦДБЭЧ, Зэвсэгт хүчний 032, 150 дугаар анги, ҮБХИС-ийн цэргийн хөгжмийнхөн үзүүлэх тоглолт, дуу бүжиг, гардан тулааны үзүүлбэрээр бэлэг барьсан нь өнөөдрийн чимэг арга хэмжээний нэг байлаа. “Дөл”-ийн аваргууд маргааш буюу 06 дугаар сарын 07-ны өдөр тодорно.
Эх сурвалж
| Зэвсэгт хүчний Жанжин штаб
|