Ази, номхон далайн орнуудын Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага /APAC/-аас Монгол Улсын Итгэмжлэлийн байгууллагын чадамжийг үнэллээ. Тодруулбал, олон улсын харилцан хүлээн зөвшөөрөх хэлцлийг баталгаажуулахаар 6 орны олон улсын үнэлгээний мэргэжилтнүүд 5 өдрийн турш 10 байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ хийлээ. Монгол Улсын Итгэмжлэлийн байгууллага, үнэлгээнд оролцсон байгууллагууд амжилттай дүн үзүүллээ гэдгийг үнэлгээний багийн ахлагч Канад улсын олон улсын үнэлгээний мэргэжилтэн Vivekananthan Kulasingham онцлон тэмдэглэлээ.
Ингэснээр Олон улсын Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага(ILAC, IAF)-ын харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт (MRA, MLA) нэгдэж, чадамжаа хүлээн зөвшөөрүүлснээр Итгэмжлэгдсэн сорилт, Хэмжил зүйн лаборатори, Техникийн хяналт, Мэдээллийн аюулгүй байдал, Хөдөлмөрийн аюулгүй байдал болон баталгаажуулалтын байгууллагын үр дүнг дэлхийн 140 гаруй улс хүлээн зөвшөөрөх эрх үүсдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад дахин сорилт шинжилгээ хийхгүйгээр шууд хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм.
Жишээ нь: Бид хүнсний бүтээгдэхүүнээ БНХАУ-руу экспортлоход Монгол улсын Итгэмжлэгдсэн лабораторийн сорилт, шинжилгээний дүнд БНХАУ давтан сорилт шинжилгээ хийхгүй гэсэн үг. Ингэснээр бизнес эрхлэгчдэд хөрөнгө санхүүгийн болон цаг хугацааны хувьд маш том хэмнэлт гардаг.