Цэргийн цол чимэг олгох Бүх цэргийн наадам амжилттай сайхан болж өндөрлөв. Тус барилдаанд аймаг, цэрэг, сумын цолтой, чансаа өндөр 256 бөх хурд, хүч, уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Алтанбулаг Уул ХХК, УБТЗ - Замын 3-р анги, Чойрын Богд дэвжээний бөх, аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар түрүүлж, бадрангуй чимэг хүртсэн бол Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, ҮБХИС, Эрдэм Үүд ХХК, Геодези усны барилга байгууламжийн газар, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан Энхтөрийн Баасанжав үзүүрлэж, гарамгай чимэг нэмэв.
Дөрөвт Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, “Номин Холдинг” ХХК, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож /цогт чимэг/, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дарьганга гоёл” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Өсөхбаяр /цогт чимэг/ нар шалгарлаа.
Наймд үлдэж шөвгөрсөн аймгийн арслан А.Нармандах /өрнөх/, аймгийн заан Б.Бадамдорж /өлзийт/, аймгийн заан Б.Баянсүх /өрнөх/, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ /өсөх/ чимэг тус тус нэмэв.
Маргааш буюу зургаадугаар сарын 07-ний 13:00 цагаас Монгол Улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах Хэнтий аймгийн Дархан сумын ЗДТГ болон нутгийн зөвлөлөөс зохион байгуулах Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.