Дотоод хэргийн их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн төгсөгчдийн “Туяат оройн тооллого” ёслолын ажиллагаа (2025.06.06) Их сургуулийн Спорт албаны дадлага сургалтын талбайд ёслол төгөлдөр боллоо.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Болормаа, Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт болон Захирлын зөвлөлийн гишүүд, ХЗДХЯ-ны харьяа агентлагуудын удирдлагууд, АНУ, БНХАУ, БНЭУлсаас Монгол Улсад суугаа дипломат албаны төлөөллүүд, Олон улсын байгууллагын хүндэт зочид, багш, албан хаагчид, төгсөгчдийн гэр бүлийнхэн оролцсон юм.
“Туяат оройн тооллого” эхлэхийн өмнө төгсөгчид болон зочдод зориулсан хүндэтгэлийн тоглолт болов. Урлагийн тоглолтын дараагаар Сүхбаатарын ба Цэргийн гавьяаны улаан туг, Байлдааны гавьяаны одонт тугийг залснаар “Туяат оройн тооллого” ёслол төгөлдөр эхэллээ.
Бүрэлдэхүүн сургуулиуд тус тусдаа “Туяат оройн тооллого” явуулж, Цэргийн алба зохион байгуулалт, бэлэн байдлын газрын дарга, хошууч Л.Зэсшагай нэгдсэн дүнг Их сургуулийн захиралд илтгэв. Төгсөгчид гурвантаа “Уухай” цуурайтуулахад Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэн харанхуйг гэрэлтүүлэн ёслолын буудлага буудлаа.
Монгол Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
Та бүхний энэ амрыг эрж, Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа “Туяат оройн тооллого” нэгдсэн арга хэмжээний баярын мэндийг өргөн дэвшүүлье. Эрхэм төгсөгчид та бүхэн хууль зүй, дотоод хэргийн салбарын эрдэм ухаанд шамдан суралцаж, сонсогч ахуй насныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэн, золбоо хийморийн бэлгэдэл аранзал улаан тугийнхаа сүлд хийморийн дор сүүлчийн оройн тоондоо жигдрэн жагссан байхыг харахад нэн бахархалтай байна.
Аливаа улс, орны хөгжлийн гол хүчин зүйл нь мэргэшсэн чадварлаг боловсон хүчин буюу хүний нөөц байдаг. Их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх нь улсын хөгжлийн түлхүүр юм.
Тэр ч үүднээс Монгол Улсын Засгийн газраас эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн нэгдлийг бүх талаар дэмжин хөгжүүлж, үндэсний хэмжээний “Судалгааны их сургууль”-ийг бий болгох, Монгол хүний мөн чанар, хүмүүжил, үндэсний түүх, хэл соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, өв уламжлалаа дээдэлсэн дэлхийд өрсөлдөх чадвартай “Монгол хүн”-ийг бэлтгэхэд боловсролын бодлого, үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байгаа билээ” гэж онцлон хэлж, төгсөгчдөд амжилт хүслээ.
Эх орныхоо дөрвөн зүг найман зовхист дотоод аюулгүй байдлыг хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хэрэгжүүлэхээр мордох гэж буй төгсөгчид ёслолын жагсаалаар алхсанаар Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчдийн нэгдсэн туяат оройн тооллого өндөрлөлөө.





