Бэр нь бэлзэг бөгж, бенз машин, агаарын өндөр үнэтэй сүй бэлгээ гал зуухан дээр гаргаж өрсөөр байтал, шүглийн дуу исгэрсэн халуун Данх ойчлоо. Chanel цүнхнээс болоод чанасан цай асгарав уу гэтэл буцалж байсан жонхуу гоожлоо. Гэрийн хэрэгт төрийн хэрэг болж, хиншүү хярвас ханхалж, фэнг шүйгийн ёр биелж, 50 сая вонын үнэтэй, 5 намын батлахаас эхлээд цахилгаан станцын турбин хүртэл шатлаа. Гашуунсухайт-Ганцмодны боомтыг холбох гэрээтэй хамт гашуун нулимс намын хуралд урсаж, ганц хүнд амаргүй, цаг хугацаа 12 жилээр ухарч, 2013 онд буцлаа. Ялсан нам нь дангаараа эрх барих, ялагдсан нь сөрж хянах Үндсэн хууль, ард түмний сонголтыг үгүйсгээд хамтарсан ч дархлаа суусангүй, данхайсаар ойчлоо. Хамтрахдаа байгуулсан гэрээ нь тарахдаа ч нууц биш нууц байсаар урагдлаа. Зүүн, барууны намууд зүг чигээ хамт алдлаа гээд тогтох биш унадагийг харууллаа.
Ориг хулхи жагсаал, брэндүүдтэй, хоолны хордлоготой өлсгөлөнтэй, давхар биетэй биш давхар хөлтэй бэртэй, 60 саяын хуушуурын тос духан дээр гялтганасан, “Худал ба буруу”-г “Үнэн ба зөв” өөрөө илчилсэн, үгчилбэл сайдын үүрэг гүйцэтгэгчидтэй, товчилбол СҮГ-үүдтэй, төргүй тамгатай, тамгагүй төртэй боллоо. Л.Оюун-Эрдэнийн 2-р дүр, залгамжлагчийг тодруулах гэснээс болсноос уу, дараагийн Ерөнхий сайдыг тодруулах ажил жонхуурч тамгагүй төртэй, төргүй тамгатай өдөр хоногууд зунгаарч байна.
Монголын улс төрийн муугийн бэлгэдэл болсон 17-гийн тоо ахин дахин амилсан, “Хаврын 17 Учрал” олон ангит киног тэмдэглэл хөтлөөд үзэж байна. 17 чингэлэг спиртийн хэргийн эзэн өөр намыг засагтай нь барьж байсан , 17 саяын бөгжөөр батлагдаж, панчаанд нь 17 нүүрсний хулгайч мартагдаж, 17 учрал тохиол давтагдсаар байна. 17-г хоёроор үржүүлээд 34 дэх Ерөнхий сайд, үүц нөөц ихтэй баялгийн худаг, нуур, овоо, овоолго 34 хувийг авах дараагийн засгаа хүчтэй ярьж, хүсэлгүй хүлээж, хүлээлгүй хүсэж байна.