Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тэмцээн 06 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийг түшиглэн амжилттай явагдаж өндөрлөлөө.
Цогцолбор тэмцээний хаалтын ёслолд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ-ны СБТГ-ын дарга бригадын генерал Ч.Гандирваа тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, аймаг, нийслэлийн дүүргүүдийн удирдлагууд, Цэргийн штабын дарга, тэмцээнд оролцогч баг тамирчид, тэдний а гэрийнхэн, багш дасгалжуулагч оролцов.
Арга хэмжээний эхэнд тэмцээний Ерөнхий шүүгч буюу ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Цэргийн биеийн тамир, спортын тасгийн дарга хурандаа Ч.Мөнхтүшиг хоёр өдрийн туршид явагдсан цогцолбор тэмцээний дүнг танилцуулж, эхний таван байрт шалгарсан тасгуудыг зарлалаа.
Нэгдсэн дүнгээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тэмцээний тэргүүн байрт Б.Азжаргал Засаг даргатай Дархан-Уул аймгийн “Шонхрууд” тасаг, дэд байрт М.Алтангэрэл Засаг даргатай нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Алтан-Од” тасаг, гутгаар байрт Б.Цэрэн Засаг даргатай Хан-Уул дүүргийн “Сүлд” тасаг, дөрөвдүгээр байрт Н.Мандуул Засаг даргатай нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Хангарди” тасаг, тавдугаар байрт Б.Цэрэннадмид Засаг даргатай Архангай аймгийн “Тайхар” тасгийн тамирчин сурагчид тус тус бусдыгаа хошуучлан манлайллаа.
ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба цогцолбор тэмцээний оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ 1984 оноос эхлэлтэй “Дөл” тэмцээн энэ жил анх удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит болгон зохион байгуулагдаж, дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн хангасныг онцоллоо. “Бяцхан сэтгэл зүрхэндээ “Эх орныхоо төлөө” гэсэн агуу том зорилго, чин сэтгэлийг тээж, энэхүү тэмцээний чимэг болон шигшээ шатанд шалгаран өрсөлдсөн бүх оролцогч хүүхдүүдээрээ бахархаж байна. Учир нь энэ тэмцээнд ялагдагч гэж байхгүй. Ангийнхаа хүүхдүүд дундаас шилэгдэж, сургуулийнхаа шигшээ багт дуудагдаж, аймаг, дүүрэгтээ үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөн шалгарч улсын аваргад оролцоно гэдэг өөрөө нэр төрийн хэрэг” хэмээгээд өөрийгөө ялан дийлж, амжилтад тэмүүлж, нэг нэгнээ ойлгон дэмжиж, хамтарч, баг болж чаддаг ийм хүчтэй иргэд төлөвшиж байгаад ЗХЖШ-ын даргын хувьд баяртай байна гэсэн юм.
Мөн тэрээр "Дөл-2025" цогцолбор тэмцээнд хүүхдүүдээ бэлтгэж оролцуулсан багш, дасгалжуулагч дэмжиж тусалсан сургууль, дүүрэг, аймаг орон нутгийн удирдлагад талархал дэвшүүлж, аймаг, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн дарга нарт цом гардуулж, ирээдүйн эх орончдыг бэлтгэж буй үйл хэрэгт нь өндөр амжилт хүслээ.
Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан ЗХЖШ-ын удирдлагад БХЯ-наас мөн хүндэт өргөмжлөл гардуулж, талархал дэвшүүлсэн юм.




