Нийслэл Улаанбаатар хот "ЮНЕСКО"-гийн Бүтээлч хотуудын сүлжээнд нэгдсэнийг олон улсад сурталчлан таниулах, хотын соёлын түвшнийг илэрхийлэн, тодотгох, соёл, спорт, аялал жуулчлалын арга хэмжээг тогтмолжуулж, гадаад, дотоодын жуулчдыг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар биенналь-2025” үйл ажиллагааг анх удаа нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа билээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь-2025” олон талт соёл, урлагийн нэгдсэн үйл ажиллагааны "Улаанбаатар театр"-ын уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолт ёслол төгөлдөр эхэлж байна.
Хүндэтгэлийн тоглолтыг нээж НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр үг хэллээ.
"Улаанбаатар биенналь-2025” олон талт соёл, урлагийн нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд Монголын уран зургийн галлерейд олон улсын 19, дотоодын 6 уран бүтээлчид өөрийн уран бүтээлийн дээжээсээ дэлгэн хүргэж байгаа бол Биенналийн онцгой өөр нэгэн үйл ажиллагаа болох хүүхдийн музейн боловсролын хөтөлбөр Kids Museum Festival юм.
Тус хөтөлбөр Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей, Чингис Хааны Музей, Монголын Уран Зургийн Галерей, Байгалийн Түүхийн Музей болон нийслэлийн захын дүүрэгт зохион байгуулагдаж, биенналийн уран бүтээлчидтэй уулзаж бүтээл туурвих сургалтуудад хүүхдүүдийг хамруулж урлагийн боловсрол олгож байна.
Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
