Улсын хэмжээнд өнөөдөр/2025.06.08/ 21:00 цагийн байдлаар Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт 4 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин II баг “Их-Алт” гэх газарт ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг /2025.06.06/ 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой хэлтэс, Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчид түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр II баг “Хустын давааны ам” гэдэг газар ойн түймэр гарсан дуудлага өнөөдөр /2025.06.08/ 18:19 цагт бүртгэгдэж, сумын Байгаль хамгаалагчаар ахлуулсан 25 хүн, 25 морьтойгоор ажиллаж байна.
Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай багийн "Хандгайт Зүүн тарвагатай" гэдэг газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг өнөөдөр /2025.06.08/ 18:03 цагт хүлээн авч, Булган аймгийн Хангал сумын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Сэлэнгэ аймгийн хилийн цэргийн 0243 дугаар ангийн 0281-р салбарын алба хаагчид ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн "Баруун сэнстэй" гэдэг газар аянга буусны улмаас ойн гал түймэр гарсан дуудлагыг /2025.06.08/ 19:16 цагт хүлээн авсан. Түймрийн голомтод тус сум дахь Цагдаагийн хэсэг, Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны хамгаалагчид ажиллаж байна.