Хөвсгөл аймагт суурьшлын бүсэд баавгай орж иржээ. Энэ талаар Хөвсгөл аймгийн Байгаль орчны газраас тодрууллаа.
-Суурьшлын бүсэд баавгай орж ирсэн тухай мэдээлэл байна. Та бүхэн мэдээлэл авсан уу?
-2025 оны зургадугаар сарын 2-3-нд Арбулаг, Алаг-Эрдэнэ сумдын хүн амын суурьшлын бүсэд баавгай орж ирсэн тухай мэдээлэл ирсэн. Хуулиараа тухайн амьтныг агнах хориотой учраас суурьшлын бүсээс ямар нэг байдлаар үргээх, хөөх байдлаар гаргах ёстой гэх зөвлөмжийг олон нийтэд өгч байгаа. Тухайн баавгайг харсан хүмүүсийн мэдээллээр идэш тэжээлийн дутагдалд орсон зүйл ажиглагдаагүй. Тэнхлүүн идэш тэжээл эрж хайж, мал амьтан руу дайрсан гэх мэдээлэл алга. Тэгэхээр Сибирийн түймрээс дүрвэсэн амьтан байх магадлалтай гэж үзэж байгаа. Ард иргэдэд баавгай харагдсан тохиолдолд яах ёстой вэ гэдэг зөвлөмжийг өгч ажиллаж байна.
-Тухайн өдрүүдээс хойш суурьшлын бүсэд дахиж баавгай харагдаагүй юу?
-Одоогоор дахин баавгай харагдсан гэх мэдээлэл ирээгүй. Бид мэдээлэл аваад баавгайг суурьшлын бүсэд 3 өдөр эрэн хайсан ч олоогүй. Дроноор эрэн хайх ажиллагаа хийсэн ч ямар нэгэн ул мөр илрүүлж чадаагүй. Тэгэхээр суурьшлын бүсээс буцаад гарсан байх магадлалтай.




