Монголын буриадын төв холбооноос мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд Монголын буриадын төв холбооноос албан ёсоор мэдэгдэл гаргах нь:
Иргэн Э.ОЧИРВААНЬ /РЕППЭР 113/-д хүргүүлэх нь:
"Монголын Буриадын Төв Холбоо" НҮТББ нь Буриад үндэстний түүх соёл, ширгэшгүй өв уламжлал, зан заншлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахыг эрхэм зорилгоо болгон ажилладаг. Иргэн Э.Очирваань та 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв Цэнгэлдэх хүрээлэнд "Зуны зугаа-113" нэртэй тоглолт зохион байгуулахдаа Буриад үндэстний соёлын үнэт өв болсон ардын дуу "ЭРГЭЛДЭН НААДЪЯ" /ЁОХОР/ дууг:
... утга санааг нь илтэд гуйвуулан дуулсан нь хүүхэд залууст садар самуун сурталчилж, охид эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд уриалсан, Буриад үндэстний өв соёлд бүдүүлгээр халдан доромжилсон үйлдэл боллоо.
Тиймээс Монголын Буриадын Төв Холбооны зүгээс
Монгол Улсын Үндсэн хуулийн дүгээр зүйлийн 14.2,
Соёлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5,
Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.18.1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж,
"ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ"-ийн 30.3 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу дараах шаардлага бүхий мэдэгдлийг хүргүүлж байна. Үүнд:
1. Буриад үндэстний өв соёл, ёс заншлыг илтэд гутаан доромжилсон үйлдэлдээ 5 /ажлын тав/ хоногийн дотор албан ёсоор уучлалт гуйх,
2. Дахин ёс бус үг хэллэгтэй болгон гуйвуулсан дууг олон нийтийн өмнө дуулахгүй, цацахгүй байхыг шаардаж, энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна.
Дээрх шаардлагыг заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд тус холбооны зүгээс дараагийн шатны арга хэмжээг авч холбогдох хууль хяналтын байгууллагад хандан дээр заасан хуулийн дагуу шийдвэрлүүлэхээ үүгээр мэдэгдэж байна
2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот.

Эх сурвалж
| МОНГОЛЫН БУРИАДЫН ТӨВ ХОЛБОО
|