Зуны хөгжилтэй, зугаатай даалгаврыг баталсан Говь-Алтай аймгийн Тайшир сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер В.Энхтуяатай ярилцлаа.
-Та багшаар хэдэн жил ажиллаж байна. Ямар хичээлийн багш вэ?
-Би 2003 онд МУБИС-ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн. Түүх, нийгмийн ухааны багшаар сургуульдаа 21 жил ажиллаад сургалтын менежерээр 2 дах жилдээ ажиллаж байна.

-Таны баталсан зуны даалгавар хүмүүсийн эерэг сэтгэгдлийг нэлээд аваад байна. Тухайн даалгаврыг бага ангийн багш нар боловсруулсан байх. Та бага ангийн багш нартаа юу зөвлөж байв. Олон жил багшаар ажиллахдаа харж ажигласан зүйлүүд бий байх?
-Би 20 гаруй жил багшаар ажиллалаа. Би өөрөө дунд, ахлах ангийн багш. Сургалтын менежер болоод бага ангийн хүүхдүүдийг хараад ажиглаад байхад монгол ахуй тал руугаа хандах ёстойг ажигласан. Хэдий манай аймаг Улаанбаатар хотоос 1000 гаруй км зайтай сум. Хэдийгээр хөдөөтэйгөө, монгол ахуйтайгаа байгаа ч гэсэн хүүхдүүд маш их хотжиж байна. хүүхдүүд монгол ахуйгаасаа холдоод байгаа юм уу. монгол хүн байх мөн чанараа гээх гээд байгаа юм шиг санагдаад, юм хэлэхээр үл тоосон, юмыг маргааш хийчихнэ гэж хойш нь тавьсан, ном унших нь багассан. Цахим орчин руу их шунан дурлаж, том жижиггүй, эрэгтэй эмэгтэйгүй тоглож байна. Фейсбүүк, твиттер, инстаграмм гэх мэт тэр бүх сүлжээнд элсэж байна. Тэгэхээр би сургалтын менежерийн хувьд багш нараа нэг баг болгож зангидаж ажиллах ёстой. Тиймээс багш нартаа энэ зун хүүхдүүддээ тэдэн хуудас хуулан бичлэг, тэдэн бодлого бодоорой, тэдэн шүлэг цээжлээрэй, тэдэн цээж бичиг хийгээрэй гэхээр хүүхдүүд огт хийдэггүй. Тэр нь хичээл орох дөхөхөөр маш хэцүү ял юм шиг гэр бүлд нь ч хэцүү, өөрт нь ч хэцүү. Сэтгэл зүйд нь хүртэл маш их дарамттай байгаад байдаг санагддаг. Тэгэхээр багш нартаа зуны амралт гэдэг үгний зуны гэдэг үгийг нь онцлоод байгаль орчинтой танилцах, монгол ахуй руугаа чиглэсэн, хүн болж хөгжих төлөвших тал руу нь чиглүүлсэн даалгавар өгөөрэй гээд санал болгоод явуултал манай Бага ангийн мэргэжлийн хөгжлийн бүлэг таван багштай ажилладаг. Тэрхүү таван багш маань ярилцаж байгаад энэхүү зуны даалгаврыг боловсруулж, надаар батлуулаад эцэг эхчүүдэд өгсөн. Үүн дээр эцэг эхчүүд намайг тааглаад пост, сэтгэгдлүүдээ биччихсэн байсан. Би энэ даалгаврыг өөрөө боловсруулсан юм шиг нийгмийн сүлжээнд нэлээд хандалт авчихсан байна. Бидний хамтын ажлын үр дүн юм шүү. Маш их баяртай байна.
-Сургууль энэ хичээлийн жилд сурагчдад ийм даалгавар өгөх ямар нэгэн бэлтгэл ажил хийж байв уу?
-Манай сургууль энэ жил сурагч нэг бүрийн унших чадварыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж ажилласан. Энэ хөтөлбөрийн онцлог нь сүүлийн жилүүдэд хүүхдүүдээс голцуу тестээр шалгалт авдаг болсон. Тэгэхээр тестээр шалгалт авахгүй. Хүүхдүүдээр их юм уншуулъя. Түүнийг нь яриулъя, бичүүлье гэсэн зорилт тавьсан. Үүнээс харахад хүүхдүүд ном унших зуршил маш бага юм байна. Ер нь л унших дургүй. Тэгээд цахим орчинд хэт их ханддаг. Бид ч гэсэн хааяа нэг зав гараад цахим орчинд хандахаар унших юм байна, уншихгүй юм байна. Харах юм байна, харахгүй юм байна. түүнийг хүүхдүүд маш ихээр харж уншиж байгаа гэж бодоод аль болох хөдөөтэйгөө ойрхон, өөрийгөө хөгжүүлсэн, бусдадаа намар ирээд аяллынхаа тухай ярих, тэмдэглэл хөтлөөрэй гэдэг даалгаврыг өгсөн. Бага ангийн таван багш боловсруулсан ажил байгаа.
-Цаашид дунд, ахлах ангийнханд чиглэсэн иймэрхүү даалгавар бэлтгэх зорилт бий юу?
-Манай дунд, ахлах анги энэ долоо хоногийн тав дах өдөр хичээллээд амарна. Мөнхүү хүүхдүүдэд иймэрхүү даалгавар өгөх, боловсруулах зүйл яригдаж байгаа. 4 дэх өдөр надаар хянуулж батлуулна гэсэн.