Зуны эхэн сарын бороо гэдэг нь амраг хайрт хүний уруул мэт хэмээн нэгэн яруу найрагчийн томьёолсон байдаг. Аль ч сарын бороо зургадугаар сарынхтай эн зэрэгцэхгүй. Тариа ногооны үндсийг тэтгэж, шим рашаан мэт хүний хүслэн болдог нь энэ сар билээ.
Ер нь зуны эхэн сарын бороог эрт цагаас янз бүрээр нэрлэсээр ирсэн. “Ногоон бороо”, “Шимт бороо” гэх мэт бэлгэшээсэн нэршилтэй. Ялангуяа газар тариалан эрхэлдэг, суурин соёл иргэншилтэй ард түмэн зургадугаар сарын бороог тариа, ногооны ургалтад онцгой ач холбогдолтой хэмээн тахин шүтдэг байв.
Манай нүүдлийн малчин ард түмэнд ч энэ бороо гандсан байгаль, хатсан бэлчээрийг сэргээж, өвс ногоог тэтгэдэг ач тустай хэмээн дээдлэгддэг.
Бусад сарын бороонууд бол нэг бол хүйтэн, нэг бол шороо тоос дарсан байдаг шүү дээ. Харин энэ зун Улаанбаатар хотод бороо ахиухан ороосой. Нийслэл гэлтгүй, Монгол даяар бороо хур багавтар байна. Өвсний гарц сайтай байхад наадам хүртэл сэтгэл сэргэтэл сайхан болдог доо.
Энэ бороо орж байвал л налгар намартай бид золгоно. Байгаль дэлхий сэргэж, ургац сайтай, гэдэс цатгалан байж эдийн засгийн хүндрэлийг давна. Байгаль дэлхий хишгээ хайрлаж гэмээнэ, наадмаар хурдан морьд ногоон тал дээгүүр уралдаж, хүчит бөхчүүд зүлгэн дээр эр бяраа гарган наадах биз ээ.
Өдгөө “Бороо бороо оройсой, Оросын маамуу ирээсэй” гэх багачуулын дууг реппер Гинжин, Mrs.M нар шинэчлэн дуулж, машинтай болгоны хөгжимд эгшиглэж, iPod-той болгоны чихэнд хангинаж байна. Харин бороо нь хаачив...