Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 93 алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа машинд мөргүүлэх, бусдад зодуулах зэрэг байдлаар биедээ гэмтэл авч, хохирчээ. Гэмтэж, хохирсон алба хаагчдын дийлэнх нь дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт биечлэн очиж, иргэдтэй шууд харьцдаг эргүүлийн офицер, эргүүлийн цагдаа, хэсгийн байцаагч, хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа, зохицуулагч, цагдаа зохицуулагч, цагдаа жолооч, сум, баг, хороо хариуцсан цагдаа зэрэг албан тушаалтнууд нийт өртөж хохирсон алба хаагчдын 66.2 хувийг эзэлж байна.
Статистик мэдээллээс авч үзэхэд нийт бүртгэгдсэн “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн 82 хувийг иргэд согтуугаар үйлдсэн байна. Иргэд яаралтай тусламж хэрэгтэй үедээ эсвэл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд 102 тусгай дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгдөг. Дуудлага мэдээллийн дагуу гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээр очсон мөн гудамж талбайд албан үүргээ хэрэгжүүлж байгаа цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэх, хэл амаар доромжлох, заналхийлэх, биед нь халдах, үйл ажиллагаанд нь санаатай саад учруулах зэрэг үйлдлийг зарим иргэд гаргадаг.
Тухайлбал энэ оны зургадугаар сарын 9-10-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт дуудлага мэдээллийн дагуу очсон алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн иргэн Д нь согтуурсан үедээ алба хаагчийн нүүрэн тус газар удаа дараа цохиж, эргүүлийн цагдаагийн дүрэмт хувцсыг урсан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны зургадугаар сарын 7-8-нд шилжих шөнө 00:00 цагийн орчим согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн Н нь алба хаагч “Ц”-ийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, нүүрэн тус газарт нь 4-5 удаа мөргөж, танхайрсан зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэл бүртгэгдээд байна.
Төрийн албан хаагчийг хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх явцад тавьсан хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, үйл ажиллагаанд нь саад учруулсан, хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, доромжилсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасны дагуу хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан байдаг.
Харин хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах хуулийн зохицуулалттай байдаг.
Иргэд Та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахгүй байхыг хүсье.