Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2025.06.12/ Онцгой байдлын Ерөнхий газрын дэргэдэх “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119” дүгээр ангийн шинэ барилгын нээлтийн арга хэмжээнд оролцох үеэрээ тус ангийн алба хаагчидтай уулзаж, Онцгой байдлын байгууллагын хэмжээнд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, алба хаагчдын хувцас хэрэглэлийн хангалт хэрэгсэлтэй танилцлаа.
Онцгой байдлын салбарын хэмжээнд өнгөрсөн хугацаанд аврах тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалтад 8.8 тэрбум, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалтад 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, хувцасны хангалтыг 19.6 хувиар, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг 29.4 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр онцгой байдлын байгууллагын тусгай зориулалтын хувцасны хангалт 38.2 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 44.7 хувьд хүрч байгаа юм. Мөн гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг шат дараатай нэмэгдүүлж, дунджаар 63.3 хувьтай буюу өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2025-2028 оныг хүртэл хугацаанд аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалтыг 60 хувь, тусгай зориулалтын хувцас хэрэглэл 85 хувь, гал унтраах автомашины хангалт 65 хувь, холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалтыг 80 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.