Морьт харваачдын 18 морийг энэ сарын 7-ны үүрээр 3-4 хүн хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Улсын баяр наадмын нээлт болон олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор тусгайлан сургасан 18 адууг хулгайч нар бүгдийг нь төхөөрсөн байна. Уг хэргийг 18-29 насны зургаан этгээд үйлдсэн байж болзошгүй байна. Энэ тухай морь сургагч цахим хуудсандаа “Ийм сайхан хүлгүүдийг минь бүгдийг нь алаад, махалжээ. 7 жил хөдөлмөрлөж, хайрлаж, хамгаалж, үнэнч андаа болгосон байсан юмсан. Олон ээж аавын хүүхдүүдийг Монгол өв соёлд сургаж, морь унаж, эдлэх соёлд дурлуулж, олон морьт харвааны тамирчдыг төрүүлсэн хайран сайхан хүлгүүд минь. Монголоо Дэлхий дахинд сурталчлах таниулах Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юмсан” гэж бичжээ.