Dark Light
Нийгэм | 2025-06-13

ӨНӨӨДӨР Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭМХЛЭГДЭН БАЙГУУЛАГДАНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох тухай саналыг хэлэлцэr гишүүдийн 92.3 хувийн саналаар дэмжин, баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд 117 гишүүн оролцож 108 нь шинэ ерөнхий сайдыг дэмжиж саналаа өгсөн юм. 

Хуралдааны үеэр ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас 68 гишүүн асуулт асууж хариултаа авсан бөгөөд тэрээр асуултад хариулт өгөх үеэрээ Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол хийхээр холбогдох төслийг ирэх долоо хоногт өргөн мэдүүлнэ. Төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулахгүй бол энэ хэрээр төсвийн орлого тасарч байгаа тул тодотгол хийх зайлшгүй шаардлага тулгарч байна хэмээсэн юм. 

Тэгвэл өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанд ерөнхий сайд Г.Занданшатар кабинетын гишүүдээ танилцуулах аж. Өөрөөр хэлбэл түүний Засгийн газарт хэн хэн сайдаар ажиллах тухай нэрс тодрох юм. Түүний хувьд төр бүсээ чангалж хэмнэлтийн горимд шилжинэ, цомхон чадварлаг бүтцээр ажиллана гэдгээ илэрхийлээд буй. 

Монгол улсын 34 дэх Ерөнхий сайдаар ажиллах Г.Занданшатарын хэлсэн үгнээс "ОНЦЛОХ 10" ишлэлийг танилцуулья. 

Манай улсын эдийн засаг 2025 оны эхний улиралд эдийн засгийн өсөлт хоёр дахин буурлаа. Урьдчилсан тооцооллоор жилийн эцэст төлбөрийн тэнцлийн алдагдал 1 тэрбум ам.долларт хүрч магадгүй боллоо.
  1. Эрсдэл, сорилтыг даван туулах, ҮНДЭСНИЙ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ бүх түвшинд төлөвшүүлэх нь шинэ Засгийн газрын нэн тэргүүний зорилт байх болно.Улсын эдийн засаг хүнд байгааг шулуухан хэлье. Зардлаа багасгаж, орлогоо хэмнэхээс өөр сонголт бидэнд алга. Гэхдээ эрсдэлийг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ард түмэн, аж ахуйн нэгжийнхээ нуруунд үүрүүлж, халаас хэтэвчийг нь тэмтрэх байдлаар биш, төрийн үрэлгэн зардлаа багасгаж, ТӨР ӨӨРӨӨ БҮСЭЭ ЧАНГАЛАХ зарчмыг барих ёстой гэж үзэж байна.
  2. Монгол Улсын 2025 оны төсөвт нэн яаралтай ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ хийж, төсвийн сахилга бат, ил тод, нээлттэй, нэгдмэл байдлыг чанд сахиж, хариуцлагын тогтолцоог эрс чангатгана. Төсвийн зардал, ачааллыг нэмэгдүүлж байгаа төрийн нүсэр бүтцийг эмхлэн цэгцэлж, “ТООНООС ЧАНАРТ” шилжиж, цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн албыг бий болгох чиглэлд бодит алхмууд хийнэ
  3. Манай Засгийн газар хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг, ажил олгогч - баялаг бүтээгч нараа бүх талаар дэмжиж ажиллах болно. Тиймээс татвар, нийгмийн даатгалын сангийн цогц реформ хийж, иргэн, аж ахуйн нэгжийн татварын дарамтыг бууруулж, шаталсан, шударга татварын тогтолцоог бэхжүүлж, татварын бааз суурийг өргөтгөх арга хэмжээ авна.
  4. Хувийн хэвшлийн хийх боломжтой ажлыг төр хийхгүй байх зарчим баримтална. Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно.
  5. Халамжийн тогтолцоонд шинэчлэл хийж, ХАМГИЙН САЙН ХАЛАМЖ БОЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ байх зарчмыг удирдлага болгоно. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг тууштай хэрэгжүүлж, “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” зорилтыг тууштай хэрэгжүүлнэ. Монгол хүн баялагтаа эзэн байх ёстой. Эзэн байхын учир нь өмчийнхөө зарцуулалтад хяналт тавих, үр өгөөжийг нь тэгш хүртэх учиртай байхад чиглэгдэнэ.
  6. Стратегийн ач холбогдол бүхий орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хийж буй хэлэлцээрүүдийг үргэлжлүүлэн, бодит үр дүнд хүргэнэ. Авлигаас ангид, ард түмнээсээ зугтаадаггүй, эрх мэдлийн ард нуугддаггүй, ҮНЭНЭЭ ХЭЛДЭГ ЗАСАГ байх болно. Манай Засгийн газар ХАРИУЦЛАГА НЬ ЭЗЭНТЭЙ ЗАСГИЙН ГАЗАР байх учиртай.
  7. Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна.
  8. Гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжиж, Монгол улсын язгуур ашиг сонирхлыг цорын ганц хэмжүүр, шалгуур болгоно. Монгол Улс бол сайн хөрш, найдвартай түнш, итгэл даах хамтрагч гэдэг дүр төрхийг баталгаажуулахыг эрмэлзэнэ. ОЛОН УЛСАД МОНГОЛ УЛСЫНХАА ӨСӨН НЭМЭГДЭЖ БУЙ НЭР ХҮНДИЙГ БАТАТГАН БЭХЖҮҮЛЭГЧ ЗАСГИЙН ГАЗАР байхыг эрмэлзэнэ.
  9. Бид ЭВИЙГ ЭРХЭМЛЭДЭГ ЗАСГИЙН ГАЗАР байна.
  10. Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд би Хүнийг төвд нь тавьсан хөгжил, Шударга ёсыг эрхэмлэсэн төр, “Нэг бодлого-Нэг зүтгэл” уриаг үйл хэрэгтээ хэрэгжүүлж, эв нэгдэл, итгэл дээр суурилан ажиллах болно.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14