Dark Light
Нийгэм | 2025-06-13

Б.БОЛДБААТАР: ӨНГӨРСӨН ЖИЛ 6 МОРЬ ХУЛГАЙЛСАН ХҮМҮҮС ӨНӨӨДРИЙН ЭНЭ ХҮМҮҮС МӨН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Төрийн баяр наадмын нээлтэд оролцдог морьт харвааны тусгай бэлтгэсэн 18 морийг 2025 оны зургадугаар сарын 7-ны өдөр хулгайлсан хэрэг гарсан. Улмаар өнөө өглөө морьдыг бойлсон тухай ЦЕГ-ын мэдээлсэн юм. Энэ талаар Монголын үндэсний морьт харваан холбооны үүсгэн байгуулагч Б.Болдбаатараас тодрууллаа. 
-Тан руу цагдаагаас хэзээ холбогдож хэргийн тухай мэдээлэв?
-Өнөө өглөө үүрээр ярьсан. Би энэ холбоог үүсгэн байгуулаад 2010 онд Морьт харваа хэмээх өв соёлыг дэлхийн хүн төрөлхтний өв соёлын баталгаа болсон ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Энэ өв соёлоо түгээн дэлгэрүүлэхийн тулд 16-17 жил зүтгэж буй хүн юм. Манай нэгдсэн холбоонд нийт 10 клуб үйл ажиллагаа явуулдаг. Ууган клубуудын минь нэг болох Намнаа академийн минь хүлгүүдийг хулгайлж харамсалтай үйл явдал боллоо. 2025 оны зургадугаар сарын 7-ны өглөө 04:30 цагт морьдыг маань Жаргалантын амнаас хөөгөөд хойшоо хуучин 22-ын товчоо, 1000 машины зогсоолын чиглэлд аваад явсан. Камерын бичлэгүүдийг бид олж үзсэн. Дээрээс нь морины хүзүүнд байсан GPS-ыг салгаад Өлзийт хорооллын наах нь аваачиж хаясан байсан. 
-Тухайн бичлэгүүдийг үзэхэд таны таньдаг байж болох хүмүүс байсан уу?
-Би ер нь таньсан. Яагаад гэхээр тэр 18 морин дунд маш хурдан богино зайд өндөр хурд авдаг морь байсан. Тэр морийг бүр сонгож унасан байсан. Тэгэхээр маш сайн мэддэг хүн, дээрээс нь тэр морьдын байршлыг хардаг гэдгийг мэддэг хүн байсан. Тэр дунд Намнаа академид суралцаж байсан нэг хүүхэд холбогдож урьд шөнийн дайчлан баривчилгаанд баригдсан. Дээрээс нь дахиад нэг хүн дотроосоо мэдээлэл дамжуулдаг ч гэдэг юм уу, морьт харваанд суралцаж байгаа хүмүүс дотроос байх вий гэж би дотроо бодож байна. 
-Бичлэгүүдийг та хэзээ үзсэн бэ. Яаж тэр хүнийг танив?
-Чингис хааны хүрээний камерыг шүүсэн. 04:10 цагт морьд хүрээний камер дороос уулын энгэрт хоноод хөдөлж байгаа нь харагдсан. Дараа нь доод талынх нь дэлгүүрийн камерыг шүүсэн. Уулын энгэрт байгаа төмөр хашаанд хашчихсан хөөцөлдөөд, барьж байгаа нь харагдсан. Дараа нь цагдаа нар дуудаад хойд талын хаус хорооллын дундах бичлэг байна гээд очоод үзтэл яг камерт тулж орж ирээд гарч байгаа нь танигдсан. Цагдаа нар танай Намнаа академид суралцаж байсан хүүхэд мөн үү гээд асууж байна лээ. Би одоо шууд та нарт мөн гэж хэлэхгүй. Үгүй ч гэж хэлэхгүй. Хамгийн гол нь одоо манай хамт олныг цуглуулчих. Намнаа академийн залуучуудыг цуглуулаад бөөнөөрөө том дэлгэцэн дээр үзээд мөн бол бид бөөнөөрөө мөн гэе. Биш бол бөөнөөрөө мөн хэлье гээд би өөрөө том дэлгэц авч очсон. 
-Тэгээд таньсан уу. Цаашдын процесс юу болов?
-Цагдаа нар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа болохоор гүйцэтгэх ажиллагааны түвшинд янз бүрийн мэдээлэл задруулахгүй. Дээрээс нь та биднээс урьтаж очиж морь малаа буцааж авах, эсвэл хулгайчийг барих янз бүрийн үйлдэл хийж болохгүй гэж хориглож байсан. Бид тэвчээртэйгээр 3 хоног хүлээлээ. Цагдаа нар маань 3 өдөр, 3 шөнө нойргүй ажилласан. 
-Өнгөрсөн өвөл бас 6 тооны адуу алдаж байсан. Тухайн үед бас дотроосоо хүн хулгайлсан байх магадлалтай юу?
-Миний бодлоор өнгөрсөн жил 6 морь хулгайлсан хүмүүс өнөөдрийн энэ хүмүүс мөн. Хүн даварсаар даварсаар гэдэг шиг эхлээд 2 морь хулгайлсан. Дахиад хоёрыг, дахиад хоёрыг зургаан морь хулгайлахад ямар ч араас нь хөөцөлдөх юм байхгүй. Цагдаа нар нь нүдэн балай, чих нь дүлий байгаад байсан. Яг өнөөдрийн хулгай хийсэн хүүхдийг хардаж тухайн үед гомдол дээрээ гаргаж байсан. Энэ хүүхдийг шалгаад өгөөч ээ. Энэ хүүхэд манай адууг өмнө нь маллаж байсан. Морины байршил чиглэл бүгдийг нь мэддэг хүн нь энэ байна гээд гомдол гарсан ч цагдаа нар араас нь ерөөсөө ажиллаагүй.   
-Тэр хүү хэд орчим насны хүүхэд вэ. Тантай хамтарч ажиллаад хэр удсан бэ?
-2020 оноос манай Намнаа академийн сургалтад хамрагдсан. 22-ын товчоон дээр сургалт явагдаж байхад тэнд оролцож байсан хүүхэд. Ер нь манай Намнаа болон Талын дайчид академийн хүүхдүүд гэр хорооллын хүүхдүүд. Хулгай дээрэм хийдэг. Хүмүүжлийн доголдолтой хүүхдүүдийг олноор нь сургалтад хамруулж, монгол өв соёлоороо дамжуулж, монгол хүүхдийг хүмүүжүүлнэ, төлөвшүүлнэ. Дэлхийн хүн болгоно, гэрэлд хүргэнэ гэсэн алсын хараатай ажилладаг байгууллага. Тэр дотор засаршгүй хүмүүс зөндөө л байдаг юм байна. Ёстой л нөгөө хүн тэжээвэл толгой цустана гэдэг нь болж байх шиг байна. Гэхдээ би харамсахгүй байна. Сая цагдаа нар хэллээ. Энэ хүүхэд маш хүнд ял авна. Багадаа 10 жилийн ял авна гэсэн. Тэгээд яах вэ дээ. 10 жилийн дараа 30 хүрээгүй залуус гарч ирэх юм байна. Буцаад бас морьт харваагаар хичээллээсэй. Эргээд дэлхийн аварга болоосой л гэж би бодож байна. 
-Эдгээр морьд наадмын нээлтэд оролцох байсан. Мөн цаашлаад наймдугаар сард дэлхийн аваргад оролцох байсан. Одоо дахиад эхнээс нь эхлэх боллоо. Нэг морийг сургахад ойролцоогоор хэр цаг хугацааг зарцуулах вэ?
-Бүгд бойнд орж нэг ч морь амьд үлдсэнгүй. Энэ бүх морьд 7 жилийн хугацаанд бэлтгэгдсэн. Наадмын нээлтэд оролцож байсан. Монголдоо болон олон улсын тэмцээнд оролцож байсан. Энэ морьд дотор дэлхийн аваргад оролцох, түрүүлэх магадлал өндөртэй тамирчдын, аваргуудын унах ёстой морьд байсан. Мөн Монгол Улсын шигшээ багийн унах дэлхийн аваргад түрүүлэх боломжтой тамирчид унах морьд байсан. Ер нь сайн морь, сайн эзэн нийлж байж л аварга болох боломжтой. Түүнээс морь муу байгаад, эзэн сайн байгаад боломжгүй. Эсвэл эзэн муу байгаад, морь сайн байх боломжгүй байдаг. Морьт харваанд дэлхийн 60 гаруй улс маш идэвхтэй байгаа. Яг энэ ертөнцөд үнэлэх юм бол үнэлэгдэхээргүй үнэ цэнтэй морьд. Мөнгөөр үнэлэх боломжгүй. 
-Морьт харваанд унах морьдыг яаж сонгож авдаг юм бэ?
-Зүрх зоригтой, богино зайны өндөр хурд авах чадвартай морьдыг бэлддэг. Сая алга болсон морьд дотор буурал хээр гэж Алтанхуяг багшийн морь байсан. Өнгөрсөн жил улсын аваргад түрүүлсэн. Энэ морь 100 метрт 6 секунд хурд авдаг, өндөр хурд авдаг. Тэгэхээр өндөр хурдтай морин дээрээс маш өндөр оноо авбал шууд дээшээ медальд гарч ирдэг. Морины дундаж хурд 8 секундээс дээшээ гараад ирэхээр удаанд тооцогдож эхэлдэг. Одоо жишээ нь саяны 18 морин дунд тийм өндөр хурдтай морь ганцхан ширхэг байна шүү дээ. Манай 20 морин дотор хоёрхон байх жишээтэй. Тэгэхээр маш ховор. 
-Та тухайн бойны газар очиж үзсэн үү?
-Бид очиж чадаагүй. Өчигдөр нэг арга хэмжээнд оролцоод завгүй байсан. Өглөө Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст очсон. Мөрдөн байцаалтын явцад авагдсан морьдын маань цустай толгой... тэр аймшигтай зургийг байцаагчаас л харсан. Тэр зургийг харснаас хойш нулимсаа барьж дийлээгүй. Одоо ч хэцүү байна. Гэхдээ бас нэг үеэ бодвол жаахан тайвширчихсан байх шиг байна. 
-Тэр дунд таны өөрийн унаж эдэлж байсан морьд байсан уу?
-Өнгөрсөн жилийн улсын аварга болсон морио би Хуягаа багшид бэлэглэсэн. Гэдгэр халзан гэдэг миний унаган морь явж байсан. Бичлэгт гарсан. Морьдыг хашаан завсраар хөөж гаргахад миний халзан морь буцаад зугтаасан үргээд. Үхэл рүүгээ явж байгаагаа мэдсэн байх л даа. Бичлэг дээр араас нь хөөсөөр байгаад морьтой нь нийлүүлээд аваад явчихна лээ. Тэр морь минь ер нь жаахан хөгширч байгаа. Энэ жил тэр морио хадаг зүүгээд, байршил тогтоох GPS зүүгээд Богд ууланд төрсөн нутагт нь үлдээе гэж би төлөвлөж байсан юм. Харамсалтай нь амжсангүй. 
-Хаана аваачиж бойлсон юм бол?
-Налайхад гэсэн. Тэгэхээр яаж байна гэхээр Жаргалантын ам бол Буянт-Ухаа нисэх буудлын урд байдаг. Яг Буянт-Ухаагаас урагшаа 2 км. Тэндээс баруун хойшоо хөөгөөд хуучин 22-ын товчоо одоогийн 1000 машины зогсоол руу хөөж явсан бургас руу. Хойшоо Тахилтаар дамжаад уулаараа модон дундуур явчихдаг юм байна. Явсаар байгаад Налайхын цаагуур хойгуураа модон дундаас ороод ирдэг юм байна. Тэгээд бид цагдаагаас асуусан л даа. Бид алдсан өдрөө морьдоо олж авах боломж байсан уу гэж. Гэтэл боломжгүй ерөөсөө 2-3 цаг, за 4 цаг хөөгөөд 10:00-11:00 цаг гэхэд бойн дээр аваачсан байгаа юм. Тэгээд л 2 цагийн дотор бүгдийг нь дуусгасан гэж байгаа юм. 20 морийг. 
-Таны таньсан гээд байгаа хүүхэд энэ хугацаанд бэлтгэлдээ ирсэн үү. Тантай уулзаж байв уу?
-Тэр нөхөр сүүлийн үед бэлтгэлдээ ирээгүй. Тэр хүүхэд манай Алтанхуяг багшийн шавь л даа. Өвөр монголын Улаан бутанд болсон олон улсын тэмцээнд алтан медаль хүртсэн хүүхэд байхгүй юу. Тэрнээсээ хойш ер нь их идэвхгүй, бэлтгэл сургуулилтаа хийхгүй явж байгаад энэ жил өвөл бараг ирээгүй. Сая хулгайд алдагдсан морьд өвөл Өвөрхангай аймгийн Хархорин сумд отроор өвөлжөөд Улаанбаатарт сургалтын төвд ирээд 10 ч хоноогүй байсан. 7 л хонож байсан байх. Манай морьд 4 цагийн эргэлтэд байнга уналга эдэлгээнд орж байдаг. Тэгэхээр тарга тэвээргэ авдаггүй. Дундын л, ерөнхийдөө туранхайдаа тооцогдох морьд. Малын хулгайч хүнд уг нь тарган морь хэрэгтэй баймаар. Гэтэл өнөөдөр аваад явсан нөхдөд үнэхээр гайхалтай байгаа. Цаанаас нь өөрсдийг нь шурупэддэг хүмүүс байгаа л байх. Тэгэхээр яах вэ номхон тэмээ ноолоход амар гэж хэрвээ би хулгай хийгээд баригдах юм бол манай багш нар намайг өршөөгөөд ялгүй гаргачих байх гэсэн гэнэн итгэмтгий зангаар хандсан юм уу, эсвэл бидэнд хорсол тээгээд, бидэнд гомдож явдаг юм уу, одоохондоо ойлгохгүй байна. Хэд хоногоос уулзах боломж гарах байх. Чухам ямар сэдлээр яах гэж өөрийнхөө тэжээж, өсгөж байсан морьдыг алах болов гэдгийг асууна. Миний цээжин баримжаагаар ийм адгууслаг сэтгэлгээтэй, араатанлаг хүмүүсийг өнөөгийн монголын нийгэм өөрсдөө бий болгож байна гэж би хувьдаа харж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14