Монголын морин спорт уяачдын холбооноос уриалга гаргалаа. Тус уриалгад "Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос нийт уяачид, моринд хайртай түмэндээ хандан уриалга гаргаж байна.
2025 оны зургадугаар сарын 7-ны өглөөний 04:30 цагт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд байрлаж байсан морьт харвааны багийн 18 хүлэг морь хулгайд алдагдсан ноцтой хэрэг гарсан билээ.
Харамсалтай нь, уг хэргийг мөрдөн шалгах явцад эдгээр морьд бүгд нядлагдаж, хөнөөгдсөн нь тогтоогдсон байна. Энэ нь зүгээр нэг мал хулгайлах явдал бус, харин Монголын үндэсний бахархал, өв соёл, уламжлалт спортын эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг юм. Морьт харваа бол Монголын түүх, язгуур соёлын салшгүй хэсэг бөгөөд харваачдын морьд бол тэдний сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлийнх нь амьд илэрхийлэл байлаа. Ийм хүнд нөхцөлд, морьт харвааны баг хамт олонд сэтгэл санааны дэмжлэг, бодит туслалцаа зайлшгүй хэрэгтэй байна. Иймд Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо морьт харваачдад морь хандивлах аянг эхлүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Морьтон Монгол түмэн, уяачид, моринд хайртай эрхэм танд хандан энэ гунигт явдлын дараа шинэ амь, шинэ урам өгөх энэхүү хандивын аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Та Морь хандивлахдаа:
ММСУХ-ны Ажлын албаны 88073024 дугаарт холбогдон мэдээлэл авч бүртгүүлнэ үү.
Уг аяны эхлэл болгон Монгол Улсын тод манлай уяач, ММСУХ-ны дэд ерөнхийлөгч П.Энхмөнх 3 адуу хандивлахаа албан ёсоор мэдэгдлээ.
Өв соёл, морин спорт, Монгол хүний амин сүнс болсон морьдоо хамтдаа хамгаалъя.
Морьт харваачдад итгэл, урам бэлэглэе" гэжээ.
Эх сурвалж
| Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо
|