Зуны наран мандаж, амралтын улирал эхэллээ. Та ч бас бүтэн жил суралцаж, хөдөлмөрлөж, амжилтаа хураасаар энэ мөчид ирсэн биз ээ. Тийм ээ, та амрах бүрэн эрхтэй. Гэхдээ энэ зуныг зүгээр л “амарч өнгөрөөх” биш, өөрийгөө нэг шат ахиулах боломж болгон хувиргахсан гэж хүсэж байна уу? Тэгвэл бид танд зориулаад амралтаа үр дүнтэй, хөгжилтэй, урам зоригтой өнгөрүүлэх зургаан санааг хүргэж байна.
1. Аялалд гарах – Өөр ертөнцийг нээх түлхүүр
Аялал бол амралтын хамгийн бүтээлч хэлбэр. Хаашаа ч явсан бай, шинэ газар, шинэ хүн, шинэ мэдрэмж таныг хүлээж байна. Аялал зөвхөн газрын зураг дээр нэг цэгээс нөгөө рүү зугаалах бус, дотоод ертөнцөөрөө аялах алхам ч болдог.
Төлөвлөлт хамгийн чухал: Санхүү, цаг хугацаа, очих газар, очоод юу хийхээ нарийн бод. Интернет дэх сэтгэгдэл, туршлагатай хүмүүсийн зөвлөгөө ч маш их тус болно.
Санал болгох: Монголоо улам сайн танья: Энэ зун аялбал зохих 8 газар
2. Өглөө эрт босох – Илүү урт амралтын нууц
“Амралтаараа унтаж цэнэг авна” гэж та бодож байна уу? Гэхдээ үнэндээ эртлэн босож өдрийг “тултал” ашиглах нь илүү цэнэгтэй, илүү кайфтай байдгийг туршаад үзээрэй.
Өглөөний цагаар та:
-
Тайван өглөөний цай ууж,
-
Гадаа алхаж,
-
Дасгал хийж,
-
Өөрийгөө хөгжүүлэх хичээлд сууж ч болно.
Том амжилтад хүрсэн хүмүүсийн олонх нь өглөө эрт босдог нь тохиолдлын хэрэг биш!
3. Шинэ хүмүүстэй танилцах – Хүрээлэлээ тэлэх цаг
Нэгэн хэвийн орчин, нэг өнгийн хүмүүсээс хэсэг холдож, шинэ танилуудтай болох нь таны оюун санаанд шинэ салхи оруулдаг. Ялангуяа зун бол хүмүүстэй танилцах, хамтдаа төсөл хэрэгжүүлэх, санаа солилцох хамгийн тохиромжтой цаг.
Хаа нэгтээ зохион байгуулагдаж буй уулзалт, эвент, клубийн уулзалтанд оролц. Та ирээдүйд хамтрах түнштэйгээ ч танилцаж мэднэ шүү.
4. Ном унших – Та хаашаа ч явалгүй аялж чадна
Ном бол хамгийн гайхамшигтай амралт. Уран зохиолын мөр бүрээс ертөнцийг шинээр харах нүд, бодол сэтгэхүйгээ өөрчлөх түлхүүр нээгддэг.
Нар шарах эсвэл бороо шиврэх үеэр халуун цайтай, номын хамт тухлах мэдрэмж бол амралтын оргил. Хэзээ ч дуусгаагүй номуудаа энэ зун эцэст нь барьж дуусгахад яг тохирсон цаг!
5. Шинэ зүйл турших – “Яг одоо” хийж болох сорил
Өмнө нь зөвхөн төсөөлж байсан зүйлсээ туршиж үзэхийн тулд амралтаас өөр тохиромжтой үе гэж үгүй.
Шүхрээр буух уу? Зурах уу? Шинэ жор туршиж үзэх үү? Энэ бүхний аль нь ч таныг баярлуулж, хөгжүүлж, амралтыг тань утга учиртай болгоно.
Төсөл эхлүүлэх, хүмүүнлэг санаачилга гаргах, бүтээлч ажилд оролцох нь таны амралтыг бодитоор амьдралд үлдэх өөрчлөлт болгон хувиргаж ч мэднэ.
6. Цахим хичээлд суух – Ирээдүйн хөрөнгө оруулалт
Амралт завтай үе мэт боловч үнэндээ өөртөө хамгийн их “хөрөнгө оруулах” боломжтой цорын ганц улирал. Дэлхийн шилдэг их сургуулиудын үнэгүй цахим сургалтуудад хамрагдаж, хүссэн зүйлээ сурах боломж таны гарт байна.
Хиймэл оюун ухаан, дизайн, философи, бизнес, хэл сурах, түүхийн хичээл... Та сонирхлоо дагавал, хаа хүрч болохыг төсөөлөөд үз дээ.
Эцэст нь...
Амралт гэдэг бол зүгээр нэг “босоо хэвтэх” цаг биш. Энэ бол өөрийгөө нээх, өөрийгөө тордох, шинэ эхлэл бэлдэх боломж. Та энэ зуныг зүгээр нэг өнгөрөөх үү, эсвэл дараагийн амжилтынхаа суурийг тавих уу гэдэг таны л сонголт.
Амралтаа утгатай, үнэ цэнтэй, бүтээмж дүүрэн өнгөрүүлээрэй. Харин та ямар төлөвлөгөөтэй байна вэ?