Dark Light
Нийгэм | 2025-06-16

МОНГОЛЫН ТӨР АХМАДУУДАА "ШАР МАХТАЙ" НЬ ХАТААЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Хотын захад хашаа байшиндаа хоёр хөгшин амьдардаг. Нэг нь социализмын үед трактор, комбайнч хийж байсан бол нөгөө нь оёдолчин байжээ. Хүүхдүүд нь том болоод тусдаа гарсан. Ирж  мэнд мэдэх нь ховорхон. Цагаан сараар л ач, зээ нарынх нь дуу чимээ гэрийг нь дүүргэдэг. Нэг хүү нь олон жилийн турш сураггүй болсон. Харин бага хүү нь хааяахан ирнэ. Ихэнхдээ нэг гуйлгатай. Ядруухан явдаг юм болохоор тэтгэврийн хэдэн цааснаасаа илүүчилнэ. Хоёр хөгшний тэтгэвэр хоол унднаас нь хэтрэхгүй. Уг нь байшингаа эвтэйхэн засаж тохижуулах, хашаа хороогоо цэцэрлэгжүүлэх гээд л ажил их. Ингээд тэтгэврийн зээлээ авч, хашаандаа хөөрхөн төгөл бйагуулаад хүнсний ногоогоо тарина. Энэ бүгдийг хийхэд тэтгэврийн зээл авах хэрэг гарна. Нэг мэдэхэд 36 сарын зээл нь тулчихсан байж.

Угаасаа л хүнсний үнэ өссөн энэ үед хоёр хөгшний нийлүүлсэн сая хүрэх үгүйтэй тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцэхгүй байсан. Ийнхүү тэтгэврийн зээл тэдний амьдрал залгуулах ганц арга зам болсон. Өдрөөс өдөрт энэ хоёр хөгшин хоосон, түгшүүртэй амьдралтай болж, тэтгэврийн зээл нь тансаг хэрэглээ бус амьдралын гол орлогын эх үүсвэр болжээ.

Өмнөх зээлээ барагдуулахтай зэрэгцэн шинэ зээл авч амьдралаа залгуулна. Ахмад настнуудын дийлэнх нь ийм амьдралтай байна. Гэтэл төрийн гаргасан шийдвэрийн улмаас энэ боломж бүрэн хаагдаж, олон ахмадууд хоосон хонох дээрээ тулаад байна. "Бүр хоосон хоночиж үзлээ" гэж шантарч, амь зуух аргагүй болсноо илэрхийлэх ахмадууд цөөнгүй.

Тэтгэврийн зээлийн бодлого эргэн харах шаардлага байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм огцом, уян хатан бус журам хамгийн эмзэг бүлгийг шууд цохилтод оруулсан нь харамсалтай.

Албан тушаалтнуудын хувьд энэ бол зөвхөн "сайжруулалт" байж болох ч ахмадуудын хувьд энэ нь хоосон гал тогоо, зээлгүй сар гэсэн үг юм.

Төр засгаас дараах боломжит хувилбаруудыг яаралтай судалж, хэрэгжүүлэх хэрэгтэй:

  • Сарын орлогыг тэг болгодог байдлыг таслан зогсоох

  • Зээл авах эрхийг тодорхой шалгуураар, хязгаартайгаар нээх

  • Түр хугацаанд хүүгүй эсвэл бага хүүтэй амьжиргааны зээл олгох сан байгуулах

  • Ядарсан ахмадуудад зориулсан шууд мөнгөн дэмжлэгийн тогтолцоо бий болгох

Өдгөө нэг ч төгрөгийн орлогогүй ахмад настнууд шар махтайгаа хатаж байна. Энэ нь төрийн уян хатан бус шийдвэрийн үр дүн. Хүнлэг төр гэж ийм байх уу.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14